Украинтай хил залгаа хоёр бүс нутагт өчигдөр гүүрнүүд дараалан дэлбэрсний улмаас хамгийн цөөндөө долоон хүн амиа алдаж, 69 хүн бэртэж, гэмтсэн тухай Оросын албаны эх сурвалж Ням гарагт мэдээллээ.
Бямба гарагийн оройн 10:50 цагийн үед Брянск мужид төмөр замын дээгүүр тавьсан автозамын гүүр дэлбэрэхэд Москвагийн чиглэлд 388 зорчигч тээвэрлэж явсан галт тэрэг осолдсон байна.
Үүнээс хойш дөрвөн цагийн дараа хөрш Курск мужид автозамын дээгүүр тавьсан төмөр замын гүүр бас дэлбэрэхэд ачааны галт тэрэг зам дээр унажээ.
“Климово-Москва чиглэлийн 388 зорчигчтой галт тэрэг өнгөрөх үеэр гүүр дэлбэрлээ” гэж Брянск мужийн захирагч Александр Богомаз ярьсныг Оросын төв телевиз дамжуулсан байна.
Одоогоор Украины тал эдгээр дэлбэрэлтүүдийн талаар ямар нэг мэдэгдэл гаргаагүй байна.
Оросын улс төрчид үүнийг энх тайван тогтоох яриа хэлэлцээг тасалдуулах зорилготой Украины хорлон сүйтгэх ажиллагаа хэмээн буруушаажээ.
Ням гарагийн шөнө ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин гүүрнүүдийн дэлбэрэлтийн талаар Холбооны Аюулаас Хамгаалах Алба, Онцгой Байдлын Яамнаас мэдээлэл авч, Брянск, Курск мужийн захирагч нартай утсаар ярьсныг Кремлиэс мэдээлсэн байна.
Өнөөдөр буюу Даваа гарагт Орос-Украины төлөөлөгчдийн хоёрдугаар шатны уулзалт Туркийн Истанбул хотод эхлэх юм.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!