Украин улс Оросын нутаг дэвсгэрт дроны том хэмжээний алсын довтолгоог амжилттай хэрэгжүүлснээ Ням гарагт зарлалаа.
Уг довтолгоонд Оросын дөрвөн цэргийн бааз өртөж, хамгийн цөөндөө 40 байлдааны нисэх онгоц устсан байна.
Украины СБУ тусгай албаны зохион байгуулсан “Аалзны тор” нэртэй ажиллагаанд 117 нисгэгчгүй онгоц ашигласан бөгөөд “Оросын стратегийн далавчит пуужин тээвэрлэгч байлдааны онгоцнуудын 34 хувь өртсөн” гэж тус улсын ерөнхийлөгч Володимир Зеленский мэдээлжээ.
Энэхүү ажиллагаанд СБУ нэг, хагас жил орчим хугацаа зарцуулж, дронуудыг зөөврийн модон хайрцагт нууж, Оросын агаарын баазуудын ойролцоо ачааны автомашинд тээвэрлэн байрлуулсны дараа тохиромжтой цаг ирэхэд довтолсон гэнэ.
Оросын тал Украины энэхүү ажиллагааг “террорист халдлага” гэж зарлажээ.
Орос, Украины төлөөлөгчид Даваа гарагт Туркийн Истанбул хотод хоёр дахь шатны яриа хэлэлцээг эхлүүлэхийн өмнөх өдөр энэхүү ажиллагааг явуулсан байна.
Өчигдөр орой хийсэн нэг мэдэгдэлдээ Зеленский ”гайхалтай үр дүнтэй ажиллагаа” амжилттай явуулсан СБУ-ийн тэргүүн Васил Малюкт баяр хүргэжээ.
117 дрон бүгд тус бүрийн оператортай, алсаас удирдагддаг байсан гэнэ.
“Хамгийн сонирхолтой нь ажиллагааг удирдсан төв оффис Оросын аюулаас хамгаалах алба ФСБ-ын яг хажууд байсан” гэж Зеленский мэдэгджээ.
Уг ажиллагаанд оролцсон бүх хүмүүс цохилтоос өмнө ОХУ-аас гарч явсныг тэр бас баталсан байна.
Оросын стратегийн агаарын хүчинд учруулсан хохирлоо СБУ ойролцоогоор $7 тэрбум гэж мэдээлээд илүү дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй өгөхөө амлажээ.
Украины дроны цохилтод өртсөн дөрвөн агаарын бааз нь:
Эдгээрийн Белая, Оленя хоёр нь Украины хилээс хэдэн мянган километрийн зайд оршдог юм.
Цохилтод өртсөн нисэх онгоцнуудын дотор стратегийн бөмбөгдөгч Ту-95, Ту-22М3 болон урьдчилан сэрэмжлүүлэх А-50 онгоцнууд байсныг СБУ мэдээлжээ.
Украины эх сурвалжуудын мэдээлснээр дронуудыг эхлээд Оросын нутагт нууцаар нэвтрүүлсэн байна. Дараа нь ачааны чингэлгийн дээвэр хэсэгт нуусан тусгай модон хайрцагт хийж, автомашинаар тараан байрлуулжээ.
Ингээд тохиромжтой цаг ирэхэд хайрцгуудын тагийг алсаас нээж, дронуудыг хөөргөсөн гэнэ.
Эрхүү мужийн захирагч Игорь Кобзев ачааны автомашинаас хөөргөсөн дронууд тус мужийн Белая агаарын баазад довтолсныг баталсан байна.
Бусад бүс нутаг дахь Оросын эх сурвалжууд ч үүнийг баталжээ.
Тухайлбал нэг гэрч шатахуун түгээх станцын ойролцоо зогсож байсан Камаз автомашины ачаанаас дрон хөөрөхийг харснаа мэдээлсэн байна.
Украины тал дөрвөн агаарын баазад халдсанаа мэдээлсэн бол ОХУ-ын батлан хамгаалах яам Амур муж дахь баазыг нэмээд нийт таван бааз халдлагад өртсөнийг мэдээлжээ.
Ингэхдээ бүх халдлагыг няцаасан гэж мэдээлсэн юм.
Үүнтэй зэрэгцэн Ням гарагт Оросын тал нийт 472 дрон, долоон баллистик болон далавчит пуужингаар нутаг дэвсгэрт нь довтолсныг Украины тал мэдээлжээ.
Эдгээрээс 385 “агаарын бай”-г саармагжуулснаа нэмж мэдээлсэн байна.
Уг халдлагын үеэр Украины хуурай замын цэргийн сургалтын төв пуужингийн цохилтод өртөх үеэр 12 алба хаагч алагдаж, 60 гаруй хүн шархаджээ.
Украины хуурай замын зэвсэгт хүчний командлагч, хошууч генерал Михайло Драпатый үүний дараа огцрох хүсэлтээ гаргасан байна.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!