Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/02-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгосын ард иргэд маргааш ээлжит бус сонгуулиар шинэ ерөнхийлөгчөө сонгоно

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 6 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Зүүн гар талаас нэр дэвшигч И Жэ Мюн, Ким Мүн Сү нар

Өнгөрсөн оны сүүлээр улс орондоо цэргийн дэглэм тогтоохыг завдсаны төлөө огцорсон ерөнхийлөгч Юн Сүк Ёлыг залгамжлах шинэ ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийн санал хураалт маргааш буюу Мягмар гарагт Өмнөд Солонгост зохион байгуулагдах гэж байна.

Энэхүү сонгуулийн үр дүн тус улсын ардчиллын ирээдүй, бас Хятад, АНУ-тай болон цөмийн зэвсэгтэй Умард Солонгостой харилцах гадаад бодлогод шууд нөлөөлөх ач холбогдолтой юм.

Таван жилийн хугацаатай нэг удаа сонгогдох шинэ ерөнхийлөгч нь бас Юн Сүк Ёлын үед хурцадсан нийгмийн хуваагдал, талцлыг намжаах үүрэг хүлээнэ.

Мөн хүн ам зүйн хямралыг болон металл, автомашины экспортод нь өндөр татвар ногдуулсан АНУ-тай худалдааны маргааныг шийдвэрлэх ажил шинэ ерөнхийлөгчийг хүлээж байгаа.

Ээлжит бус сонгуульд зургаан нэр дэвшигч өрсөлдөж байгаагаас гол өрсөлдөөн сөрөг хүчин Ардчилсан Намын нэр дэвшигч И Жэ Мюн, эрх баригч Ардын Хүч Намын нэр дэвшигч Ким Мүн Сү нарын дунд өрнөх нь тодорхой байна.

Энэ хоёр нэр дэвшигчээс хүний эрхийн хуульчаас улс төрч болсон 61 настай И Жэ Мюн сонгуулийн өмнөх судалгаануудад тэргүүлж байгаа.

Тухайлбал тавдугаар сарын 28-нд Gallup Korea байгууллагын нийтэлсэн санал асуулгын үр дүнд либерал хүчний нэр дэвшигч 49 хувийн дэмжлэг авсан бол 73 настай консерватив нэр дэвшигч Ким Мүн Сү 36 хувийн дэмжлэг авчээ.

Ким Мүн Сү нь өмнөх ерөнхийлөгч Юн Сүк Ёлын засгийн газарт хөдөлмөрийн сайдаар ажиллаж байсан юм.

Тэдний араас 9 хувийн дэмжлэгтэй консерватив Шинэ Реформ Намын нэр дэвшигч И Жүн Сок удаалж байна.

И Жэ Мюний хувьд 2022 оны ерөнхийлөгчийн сонгуульд Юн Сүк Ёлтой өрсөлдөөд ялагдаж байжээ.

Гадаадад амьдардаг Өмнөд Солонгосын иргэд өнгөрсөн долоо хоногийн Пүрэв, Баасан гарагуудад саналаа урьдчилан өгсөн юм. Өмнөд Солонгосын 52 сая хүн амын 44.4 сая нь сонгуульд санал өгөх боломжтой.

Сонгуулийн үр дүн Лхагва гарагийн шөнө тодорхой болно.

Тус улсын ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт нэг шаттай явагддаг тул 50 хувийн босгыг даваагүй байсан ч хамгийн олон санал авсан нэр дэвшигч ялах юм.

 

Эх сурвалж: Reuters