Уншиж байна ...
Зураг
Зураг

Арваннэгдүгээр сарын 8-ны Баасан гарагт Улаанбаатар хотод хэрэгжиж эхлэх хоёр өөрчлөлт

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 11 сарын 6
iKon.MN
Зураг зураг

2024 оны арваннэгдүгээр сарын 8-ны буюу энэ долоо хоногийн Баасан гарагт Улаанбаатар хотод хоёр шийдвэр хэрэгжих гэж байна.

1.  2024 оны 11 дүгээр сарын 8-наас 12 дугаар сарын 1-нийг хүртэл Туул гол дээгүүрх Зайсангийн хуучин гүүрний хөдөлгөөнийг хааж, бохир усны шинэ шугамыг холбох ажил эхэлнэ. Энэ үеэр шинэ гүүрний хөдөлгөөнийг эсрэг урсгалтай болгох зохицуулалт хийгдэх юм байна.

Энэ талаар Нийслэлийн Замын Хөгжлийн Газрын дарга Б.Одбаяр "Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй Зайсангийн 225 метр хос, урт гүүрний ажил 11 дүгээр сарын 8-ны өдрөөс эхэлнэ. Гүүрний шинэчлэлийн хүрээнд хийгдэж байгаа бохирын шинэ шугамыг холбох ажил хийгдэнэ. Өөрөөр хэлбэл хуучин гүүрний доогуур тавигдсан бохирын шугамыг шинэ гүүрний доогуурх шинэ шугамтай холбох ажил 12 дугаар сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ. Энэ хугацаанд Зайсангийн шинэ гүүрний хөдөлгөөнийг эсрэг урсгалтай болгоно. Хоёр гүүрний бохирын шугамыг холбох ажил дууссаны дараа хуучин гүүрний хөдөлгөөнийг буцааж нээнэ.

Харин 2025 оны нэгдүгээр сард сурагчдын амралт эхэлж, хөдөлгөөн багассан үед Зайсангийн хуучин гүүрийг нурааж, шинээр барих бөгөөд долдугаар сарын 1-нээс өмнө ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Гүүрний дам нурууг цутгах ажил 70%-тай бэлтгэгдсэн. Гуравдугаар сарын 1-нээс эдгээр дам нурууг суулгаж, цутгах ажил хийгдэнэ" гэж өнөөдөр/2024.11.06/ мэдээллээ.

2. Улаанбаатар хотод арваннэгдүгээр сарын 8-наас тээврийн хэрэгсэлд улсын дугаар шинээр олгохыг хязгаарлана. Өөрөөр хэлбэл машин шинээр авсан Улаанбаатарын иргэн бол энэ сарын 8-наас шалгуур үзүүлэлтүүдийг хангасан тохиолдолд улсын дугаар олгох зохицуулалт үйлчилнэ.

Үүнийг агаарын бохирдол, замын түгжрэл, зөрчил, түгжрэл, ослыг бууруулах зорилгоор НИТХ-аас энэ оны хоёрдугаар сард нийслэл хотын тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730,000 байхаар баталсан тогтоолыг мөрдүүлж эхлэхийг албаныхан тайлбарлаж буй. Гэхдээ энэ зохицуулалт шинээр машин авсан орон нутгийн харьяат иргэдэд хамаарахгүй.

Улаанбаатар хотын тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгоход тавигдах  шалгуурууд:

  • Тээврийн хэрэгслийн эзэмшигч Улаанбаатар хотын оршин суугч байх
  • Авто замын тухай хууль болон Зөрчлийн хуульд заасны дагуу төлбөрөө барагдуулсан
  • Жолоочийн даатгалд хамрагдсан
  • Тээврийн хэрэгслийн хөдөлгүүр нь Евро 4 болон түүнтэй дүйцэхүйц байгальд бага хохирол учруулдаг
  • Тээврийн хэрэгсэл нь сүүлийн 10 жилийн дотор үйлдвэрлэгдсэн
  • Экспортын өмнөх техникийн хяналтын үзлэгт орсон
  • Улсын дугаарыг олгохдоо иргэний хүсэлт гаргасан хугацаа, хайбрид хөдөлгүүртэй, тээврийн хэрэгслийн үйлдвэрлэгдсэн огноо, зөв талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгсэлд давуу эрх олгож, эрэмбэлнэ.

Албаны эх сурвалжаас тодруулснаар импортоор орж ирсэн болон орон нутгаас Улаанбаатарын иргэнд тээврийн хэрэгслээ худалдсан тохиолдолд улсын дугаар олгох үйлчилгээг Замын Хөдөлгөөний Удирдлагын Төв/ЗХУТ/, орон нутаг хоорондын шилжилт хөдөлгөөний бүртгэл, үйлчилгээг Авто Тээврийн Үндэсний Төв/АТҮТ/ үзүүлнэ. Улаанбаатарын тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгох үйлчилгээг АТҮТ-ийн зургаан цэгээс олгоно.

Оношилгоонд ороогүй, Улаанбаатарын дугаартай 81,000 тээврийн хэрэгсэл байгаа бөгөөд 12 дугаар сарын 1-нээс замын хөдөлгөөнд оролцуулахгүй. Ингэснээр тээврийн хэрэгслээ оношилгоонд оруулах шаардлагыг тавьж байгаа гэж ойлгож болно. Хэрэв эдгээр тээврийн хэрэгслээс оношилгоонд ороод тэнцээгүй бол бүртгэлээс хасагдах юм байна. Харин бүртгэлээс хасагдсан тээврийн хэрэгслийн улсын дугаарыг шаардлага хангасан тээврийн хэрэгсэлд олгох байдлаар зохицуулна. Энэхүү зохицуулалтын эцсийн зорилго нь нийслэл хотын тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730,000 байлгах аж.