Уншиж байна ...

С.Баясгалан: АН ардчиллаа хамгаалах ёстой гэж байгаа бол БНН Америкийг хүчирхэг болгох ёстой гэж байна

Б.Бадамгарав, IKon.mn
4 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Америкийн Нэгдсэн Улс(АНУ)-ын сонгуулийн урьдчилсан дүн гарахад тун ойртож байна. 

Өнөөдөр болсон АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглах өдөрлөгийн үеэр судлаачдын дунд хэлэлцүүлэг зохион байгуулагдсан юм. Энэ үеэр тус улсын ерөнхийлөгчөөр хэн сонгогдохоос хамаарч олон улсын харилцаанд ямар өөрчлөлт гарах магадлалтай талаар судлаачид байр сууриа илэрхийлэв.

Л.Бямбаханд: Украины асуудалд хоёр нэр дэвшигчийн баримтлах бодлогын ялгаа тодорхой харагдсан

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

АНУ-ын Гадаад бодлогын шинжээч Л.Бямбаханд: Сонгуулийн системээс хамаарч хоёр намын хооронд өрсөлдөөн хүчтэй байдаг. Мөн тус хоёр нам нь баримталдаг бодлогоороо ялгарна.

Ардчилсан Нам(АН)-ын хувьд олон улсын харилцаанд либерал чиглэлтэй бодлого баримталдаг. Улс орнуудын харилцаанд хамтын ажиллагаа, түншлэл байснаар АНУ дэлхий даяар манлайллаа хадгална гэж үздэг.

Бүгд Найрамдах Нам(БНН)-ын хувьд цэрэг стратегийн чиглэл баримталдаг нь гадаад бодлогоор нь илрэн гарч байдаг.

Нэр дэвшигчид баримтлах бодлогоо зарлаад байна. Дэлхий нийтэд Украины асуудал, Газын зурвас дахь нөхцөл байдал зэрэг анхаарах асуудлууд бий.

Тухайлбал Украины асуудалд хоёр нэр дэвшигчийн баримтлах бодлогын ялгаа тодорхой харагдсан. Нэр дэвшигч Д.Трампын гол хэлж буй зүйл нь Украины дайныг зогсоох ёстой, яаралтай яриа хэлэлцээг хийх ёстой гэж буй. Энэ нь Украинд нэг талдаа маш алдагдалтай. Учир нь ОХУ-д эзлэгдсэн газар нутгаа тэр чигт нь тавьж өгөх шаардлагыг тулгаж магадгүй. Мөн Украинд үзүүлж буй тусламж дэмжлэг багасах магадлалтай.

АН-ын хувьд Украиныг дэмжсэн хэвээр байх болно. Украин бол Европын аюулгүй байдал, НАТО-гийн холбоотнуудад маш чухал бүс учир хамгаалсан, үргэлжлүүлэн дэмжсэн хэвээр байна гэж байгаа. Түүнчлэн олон улсын харилцаанд идэвхтэй тоглогч байна, олон улсын байгууллагуудад АНУ-ын оролцоог хангана гэж байгаа юм. 

"БНН бол барууны нам буюу юмыг хүчээр эсвэл мөнгөөр хийдэг. АН бол ардчилал, хүний эрх талаас нь ханддаг"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

МУИС-ийн Улс төр судлал, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн дэд профессор С.Баясгалан: АНУ-ын сонгуульд хоёр зарчим бий. Нэгдүгээрт үндэсний ашиг сонирхол, түүнд тулгуурлаж гадаад бодлого нь явагддаг. Тус улсын гадаад бодлого өөрчлөгдөж байна гэж үзэхэд хэцүү. Харин АНУ-ын ашиг сонирхлыг хангах гадаад бодлогыг ямар арга замаар авч явах вэ гэдэгт чиглэл нь оршдог.

Сонгуулийн мөн чанарт хоёр юм бий. Нэг нь А.Линкольн ардчилал гэдгийг тодорхойлохдоо ард түмний засаглал, ард түмэн өөрсдөө засагладаг засаглал, ард түмний төлөө засаг гэсэн байдаг. Энэ нь сонгуулиар хэрэгжиж байгаа юм. 

Хоёр дахь нь сонгуулийн тогтолцоо. Бүгд Найрамдах Намаас хүн гарвал яах вэ, Ардчилсан Намаас хүн гарвал яах вэ гэдэг асуудал.

БНН бол консерватив буюу барууны гэж хэлнэ, барууны соёл иргэншил биш. Баруун дотроо баруун, зүүн нам гэж бий. БНН бол барууны нам буюу юмыг хүчээр эсвэл мөнгөөр хийдэг. 

АН бол ардчилал, хүний эрх талаас нь ханддаг.

Украинд АНУ зэвсгийн тусламж өгөхөд АН нь ардчиллыг хамгаалж байгаа учраас өгч байна гэдэг. Тэгвэл БНН-ын талаас үр дүн нь хэзээ, хаана гарах вэ, хэдий хэмжээний санхүүжилт өгсөн бэ, эцэс төгсгөлгүй үргэлжилж болохгүй хязгаартай байх ёстой гэдгийг ярьж байгаа юм.

АНУ-ын сонгууль энэ удаад тун онцлогтой болж байна. Хүйтэн дайнаас хойших сонгуулиудыг харвал АНУ-д гаднаас дарамт үзүүлэх, сорилт учруулах тохиолдол ер нь байгаагүй. Одоо бол гаднаас сорилттой тулгарсан том сонгууль болж байгаа. 

АН-ын талаас ардчиллаа хамгаалах ёстой, автократ дэглэм хүчээ авч байна гэж байгаа бол БНН талаас Америкийг хүчирхэг болгох ёстой гэж байна

Мөн цагаачлалын асуудал ч яригдаж байна. Д.Трамп бол хууль бус цагаачдыг Америкаас шууд гаргана, гаднаас ирэх хууль бус цагаачдыг оруулахгүй гэсэн. Мөн тулгамдсан асуудал нь Хятад улс, дайны асуудал байна. 

Б.Мөнхнаран: Дональд Трамп ялах, ялагдахаас үл хамаарч Америкт "трампизм" үлдэх нь тодорхой болчихлоо

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Олон улсын харилцааны шинжээч, сонгуулийн ажиглагч Б.Мөнхнаран: Энэ сонгуулийн үр дүнгээс үл хамааран дэлхий даяар хүмүүсийн санаа зовж буй нэг асуудал байна. Энэ нь 1940 онд АНУ-д байгуулсан олон улсын харилцааны дэг. Үүгээр АНУ өөрсдөдөө "дэлхийн цагдаа" байх үүрэг оноочихсон. Энэ ажлаа Америк цаашид хийх үү, үгүй юу. Хийвэл ямар түвшинд хийх вэ гэдэг нь үндсэн асуудал.

Хоёр нэр дэвшигч энэ асуудлаар өөр байр суурьтай байна. Нэг нь энэ үүргээ үргэлжлүүлнэ гэсэн бол нөгөөх нь тодорхой бус  байр суурьтай байна. 

Д.Трамп ялсан, ялагдсанаас үл хамааран "трампизм" Америкт хэвээрээ үлдэх нь тодорхой болоод байгаа. Дараа дараагийн удаад гарч ирэх хүмүүс "трампизм"-ын шинж чанарыг авч үлдэхээр байна.

Хятадын талаар АН-ын баримталж буй бодлого нь дүрмээ тогтоочхоод Хятадтай өрсөлдье гэж байгаа бол БНН ялбал эдийн засгийн системийн тусгаарлалт илүү хурдан явагдахаар байна.