Нийслэлийн Сүхбаатар дүүрэгт Сэлбэ нэгдсэн эмнэлгийг барьж ашиглалтад оруулаад буй.
Тус эмнэлэг нь нийт хэвтүүлэн эмчлэх 200 ортойгоор бөгөөд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд зайлшгүй шаардлагатай 184 нэр төрлийн 2,672 ширхэг оношилгооны тоног төхөөрөмж, компьютер техник, хэрэгсэл, эм эмнэлгийн багаж хэрэгслийг авч, бэлджээ.
Энэ талаар Эрүүл мэндийн төвийн дарга М.Одгэрэл "Сэлбэ нэгдсэн эмнэлэг аравдугаар сарын 7-ны өдрөөс эхлэн иргэд, үйлчлүүлэгчдээ хүлээн авч, хүүхэд, дотор, мэдрэл, нүд, чих, хамар хоолой, эхо, мэс засал зэрэг төрөлжсөн мэргэшлийн долоон чиглэлийн тусламж үйлчилгээ үзүүлж байна.
Тус эмнэлэг нь нийт хэвтүүлэн эмчлэх 200 ортой бөгөөд үүнээс хүүхдийн тусламж үйлчилгээнд 40 ор байхаас дөрөв нь хүүхдийн эрчимт эмчилгээний, насанд хүрэгчдийн 160 орноос зургаа нь хүлээн авах яаралтай тусламжийн ажиглалт тусгаарлах, 20 ор нь насанд хүрэгчдийн эрчимт эмчилгээний байхаар төлөвлөгдсөн.
Цаашид Сэлбэ нэгдсэн эмнэлэг нь жилд дунджаар 11,000 үйлчлүүлэгчийг дотор, мэдрэл, мэс засал, гэмтэл, хүүхэд, эмэгтэйчүүд, Монголын уламжлалт анагаах ухаан, сэргээн засах, хөнгөвчлөх болон хими эмчилгээгээр хэвтүүлэн эмчилж, 3,000-3,400 хүнд мэс заслын тусламж үзүүлж, амбулаторийн төрөлжсөн мэргэжлийн 21 кабинет, оношилгооны 8 кабинет, нэгдсэн лабораторийн тусламж үйлчилгээг хоногт дунджаар 950-1,000 орчим иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай.
Эрэлт хэрэгцээ нь нэмэгдэж байгаа хүүхэд, насанд хүрэгчдийн сэргээн засах, хавдрын эмгэгийн үеийн хими, хөнгөвчлөх, диализ эмчилгээ, сувилахуйн тусламж үйлчилгээг хөгжүүлж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулан олон улсын жишигт хүргэхээр зорьж буй" гэв.
ЭМЯ-наас тус эмнэлгийг хүүхдийн томуугийн хэвтэн эмчлүүлэх, дүрс оношилгоо, мэс заслын үйл ажиллагаа эхлүүлэх, хавдрын оношилгоо эмчилгээ, хүүхдийн мэс заслын жишиг эмнэлэг болгоход бүх талын дэмжлэг үзүүлж, тоног төхөөрөмж, эмч, мэргэжилтний хүний нөөцийг сэлгэн ажиллуулах асуудлыг нэн яаралтай шийдвэрлэхээр болжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!