(АНУ-ын Пенсильвани мужийн Филадельфи хот. Арваннэгдүгээр сарын 5-ны өдөр)
Өнөөдөр буюу Мягмар гарагт АНУ даяар ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт эхэлж байна.
Хоёр гол намын нэр дэвшигчдийн хэн нь шинэ ерөнхийлөгч болохыг шийдвэрлэх чухал мужуудын нэг гэгдэж буй Пенсильванид өглөөний 07:00 цагаас санал хураах байрууд хаалгаа нээжээ.
Энэ цагтай зэрэгцэн бас сонгогчдын шуудангаар урьдчилж өгсөн саналын хуудаснуудыг боловсруулах ажил эхэлж байна.
Пенсильвани мужийн хуулиар шуудангаар ирсэн саналын хуудаснуудыг бүртгэх, дугтуйгаас задлах, машинаар уншуулах ажил санал хураалтын өглөөнөөс өмнө эхлэх хориотой байдаг.
Энэ шалтгааны улмаас 2020 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн ерөнхий дүн дөрвөн хоног орчим хүлээгдэж байж гарсан юм.
Гэхдээ тухайн үед коронавирусийн цар тахлын оргил үе байсан тул шуудангаар ирүүлсэн саналын тоо түүхэн дээд хэмжээндээ хүрч, боловсруулах ажлыг хүндрүүлж байжээ.
Энэ жилийн шуудангийн саналын тоо 2020 оны тооны талаас яльгүй их хэмжээтэй байгаа тул өмнөх сонгуулийн тооллого шиг сунжрахгүй гэж албаныхан үзэж байна.
2024 оны сонгуульд нийт АНУ даяар 82 сая орчим сонгогч буюу нийт бүртгэлтэй сонгогчдын гуравны нэг орчим нь шуудангаар урьдчилан саналаа өгчээ.
Өнөөдөр өглөө Филадельфи хотын санал өгөх байруудын гадна хөл хөдөлгөөн ихтэй байлаа.
Сонгогчдын оролцоог нэмэгдүүлэх, ялангуяа анх удаа саналаа өгч буй залуусыг урамшуулах төрөл бүрийн үйл ажиллагааг идэвхтнүүд зохион байгуулж байна.
Тухайлбал урлагийн үзүүлбэрүүд, үнэ төлбөргүй хоол хүнс, ус ундаа тараахаас гадна саналаа өгөөд гарч ирсэн хүмүүст баяр хүргэх, талархал илэрхийлэх ажлуудыг ч сайн дурынхан өрнүүлж байв.
Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн урьдчилсан байдлаар санал авах байрууд хаагдсанаас хойш 24 цагийн дотор гарах боломжтой гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм.
Маргааш гэхэд АНУ-ын 47 дахь ерөнхийлөгчөөр 45 дахь ерөнхийлөгч асан Дональд Трамп дахин сонгогдох уу, эсвэл дэд ерөнхийлөгч Камала Харрис түүхэнд анхны эмэгтэй ерөнхийлөгч болох уу гэдгийг бид харах болно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!