Уншиж байна ...

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг шийдвэрлэх Пенсильвани мужид Харрис, Трамп нар “сүүлчийн сум”-аа тавилаа

С.Мөнхцэцэг, ikon.mn
10 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

(АНУ-ын Пенсильвани мужийн Филадельфи хот. Арваннэгдүгээр сарын 4-ний өдөр)

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт эхлэхийн өмнөх өдөр нэр дэвшигч Камала Харрис, Дональд Трамп нар Пенсильвани мужид сурталчилгааны хаалтаа хийсэн нь анхаарал татаж байна.

Даваа гарагт Ардчилсан Намын нэр дэвшигч Камала Харрис сонгогчидтой уулзах сүүлчийн арга хэмжээгээ энэ мужийн Питсбург, Филадельфи хотуудад зохион байгуулжээ.

Энэ өдөр бас Бүгд Найрамдах Намын нэр дэвшигч Дональд Трамп сурталчилгааныхаа хаалтыг Пенсильвани мужийн Питсбург, Ридинг хотуудад зохион байгуулсан юм.

зураг
 

Сонгуулийн шинжээч Нэйт Силвер энэ мужид ялалт байгуулсан хүн Цагаан ордонд эзэн суух 90-ээс дээш хувийн магадлалтай гэсэн тооцоо гаргасан байдаг.

Ардчилсан Намын нэр дэвшигчийг байнга сонгодог “цэнхэр мужууд”, Бүгд Найрамдах Намын нэр дэвшигчид үнэнч “улаан мужууд”-аас гадна цөөн хэдэн мужийг “swing states” буюу аль ч нэр дэвшигч ялж магадгүй "савлагч мужууд" гэж нэрлэдэг.

Тэдгээрийн хамгийн том нь хүн амын тоогоор АНУ-ын мужуудын тавдугаарт эрэмбэлэгддэг 19 сонгуулийн төлөөлөгчтэй (electoral college) Пенсильвани юм.

зураг
 

“Энэ бол савлагч мужуудын өвөг эцэг юм” гэж 2007-2011 оны хооронд Ардчилсан Намаас Пенсильвани мужийг конгресст төлөөлж байсан Патрик Мерфи хэлж байжээ.

Хэрвээ Пенсильвани, Висконсин, Мичиган мужуудад Небраскагийн конгрессын нэг дүүрэгтэй хамт ялбал Камала Харрис ерөнхийлөгч болно.

Хэрвээ Пенсильвани, Умард Каролина, Жоржиа мужуудад ялбал Дональд Трамп хоёр дахь удаагаа ерөнхийлөгч болно гэж шинжээчид үзэж байна.

Өөрөөр хэлбэл хоёр нэр дэвшигчийн савлагч мужууд дахь боломжит хувилбар бүрд Пенсильвани чухал үүрэгтэй байхаар харагдаж байгаа юм.

Пенсильвани мужид ялж чадахгүй бол Трамп 2020 онд Байдены ялж байсан доод тал нь гурван мужид заавал ялах хэрэгтэй болно.

Пенсильвани мужийг зөвхөн чухал ач холбогдолтой савлагч муж гэж үзэхээс гадна ардчилал, эдийн засаг, улс төрийн хувьд АНУ-ын жижгэрүүлсэн загвар гэж үздэг.

Хуучин АНУ-ын аж үйлдвэрийн том төв байсан энэ муж одоо шинэ үйлдвэрлэл, бизнесийн салбар руу шилжиж байгаагаас гадна шатдаг занарын арвин нөөц нь эрчим хүчний томоохон тоглогч болгодог.

Хөдөө аж ахуй нь тус мужийн хоёр дахь том эдийн засгийн салбар хэвээр байгаа.

Хүн амын дийлэнх нь цагаан арьстнууд байсан бол одоо цагаач хэсгийн эзлэх хувь нэмэгдсээр байна. Тухайлбал ажилчин ангийн хот гэдгээрээ алдартай Аллентауны оршин суугчдын дийлэнх хэсэг одоо испани хэлтнүүд болжээ.

Мужийн хүн амын 12 хувийг хар арьстнууд бүрдүүлдэг нь АНУ-ын нийт хүн амд эзэлдэг 13 хувьтай ойролцоо харьцаа юм.

Мужийн том хотууд болох Филадельфи, Питсбург зэрэгт Ардчилсан намыг дэмжигчид зонхилон суудаг. Харин хөдөө орон нутагт нь Бүгд Найрамдах намын дэмжигчид давамгайлдаг байна.

Энэ ялгарал нь Пенсильвани мужийг “савлагч муж” болгодог тухай Лафайет их сургуулийн улс төрийн ухааны профессор Жон Кинкэйд тайлбарлажээ.

Тухайлбал 2020 онд Жо Байден энэ мужид ялахдаа 80,000 саналаар давамгайлж байсан бол 2016 онд Трамп ялахдаа 40,000 орчим санал илүү авч байсан байна.

Өөрөөр хэлбэл өрсөлдөөн маш тэнцүүхэн явагдаж, хоёр нэр дэвшигчийн саналын хувийн зөрүү тун бага хувьтай байдаг ажээ.

Сүүлийн 40 жилийн хугацаанд Пенсильванид хоёр оронтой тоотой хувиар өрсөлдөгчөөсөө илүүрхсэн ганцхан тохиолдол байдаг нь 2008 оны Барак Обамагийн ялалт юм байна.

Нью-Йорк Таймс/Сиена Коллежийн зохион байгуулсан сүүлийн судалгаагаар Пенсильвани мужид Трамп, Харрис нар адилхан 48 орчим хувийн саналаар тэнцэж байна.

Нэр дэвшигчдийн савлагч мужуудад зарцуулсан сурталчилгааны мөнгөн дүнгээр эрэмбэлэхэд Пенсильвани муж бас тэргүүлжээ.

Тухайлбал Камала Харрис энэ мужид хамгийн их буюу $159 саяыг, дараа нь Мичиганд $126 саяыг зарцуулсан байна.

Трампын хувьд бас Пенсильванид хамгийн их буюу $120 саяыг, дараа нь Мичиганд $78 саяыг зарцуулжээ.

Пенсильвани мужийг АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг шийдвэрлэгч болгодог бас нэг хүчин зүйл нь саналын хуудасны тооллого явуулах журам юм.

Тус муж өөрийн хуулиараа сонгуулийн санал хураах өдрийг дуустал урьдчилж шуудангаар авсан саналын хуудаснуудаа задалж тоолдоггүй.

Дөрвөн жилийн өмнө энэ шалтгаанаар Пенсильванийн үр дүн дөрөв хоног хүлээгдсэн юм. Тухайн үед цар тахлын улмаас шуудангаар саналаа өгөгчид олон байсан нь үүнд нөлөөлсөн гэдэг.

Энэ жилийн хувьд өмнөхөөсөө харьцангуй цөөхөн хүн урьдчилж саналаа өгсөн ч 217,000 санал шуудангаар ирсэн мэдээлэлтэй байна. Үүнээс гадна 27,000 гаруй цэргийн алба хаагч, гадаадад оршин суугаа иргэдийн санал шуудангаар иржээ. Тиймээс АНУ-ын шинэ ерөнхийлөгч хэн болсныг зарлахын тулд Пенсильвани мужийн үр дүнг хүлээх шаардлагатай болдог юм.