Уншиж байна ...
Зураг
Зураг

ТАНИЛЦ: Бүртгэл нь нээлттэй байгаа Засгийн газрын тэтгэлгүүд

Г.Мөрөн, iKon.mn
2025 оны 1 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Өнөөдрийн байдлаар Бүгд Найрамдах Чех Улс, Япон Улс болон Оросын Холбооны Улсад суралцуулах тэтгэлэгт хөтөлбөрүүдийн бүртгэл нээлттэй байна. 

Бүгд Найрамдах Чех Улс

1.Боловсрол, залуучууд, биеийн тамирын яамнаас чех хэл, соёлыг сонирхон судалдаг оюутан, төгсөгч, багш, ажилтнуудыг дэмжих зорилгоор Слав судлалын Зуны сургалтын тэтгэлэгт хөтөлбөр

Зуны сургалт нь жил бүрийн 7, 8, 9 дүгээр сард зохион байгуулагддаг ба сургалтын агуулгаас хамааран 3-4 долоо хоног үргэлжилнэ.

Тэтгэлэгт дараах зүйлс багтана. Үүнд:

  • Сургалтын төлбөр;
  • Дотуур байр (өглөөний, өдрийн, оройн хоол багтана);
  • Зуны сургалтын хүрээнд зохион байгуулагдах соёлын арга хэмжээ болон аялалд үнэгүй хамрагдах эрх;
  • Зарим нийтийн тээврийн зардал.

Уг тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл энэ сарын 31-ний өдрийг хүртэл цахимаар явагдана. 

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.

2.Богино хугацаанд бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцуулах сонгон шалгаруулалт

Боловсрол, шинжлэх ухаан, залуучуудын салбарт хамтран ажиллах тухай Монгол, Чех хоёр улсын Засгийн газрын хэлэлцээрийн хүрээнд Бүгд Найрамдах Чех Улсын их, дээд сургуульд 2-9 сарын богино хугацааны туршлага судлах сургалтын тэтгэлгийн бүртгэл энэ сарын 31-ний өдрийг хүртэл цахимаар явагдана. 

Тавигдах шаардлага

  • Бакалавр: Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн 1, 2 дугаар ангид 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа иргэн.
  • Магистрант: Бакалаврын зэрэгтэй, 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй, 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай, 35 хүртэлх насны.
  • Докторант: Магистрын зэрэгтэй, 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй, 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай, 45 хүртэлх насны.

Бүгд Найрамдах Чех Улсын Засгийн газрын тэтгэлэгт багтах зүйлс:

  • Сургалтын төлбөр
  • Амьжиргааны зардал
  • /Дотуур байр, даатгалыг оюутан өөрөө хариуцна/

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.

Япон Улс

Япон Улсын Фүкүокагийн эмэгтэйчүүдийн коллежийн тэтгэлэг зарлагдсан байна. 

Уг тэтгэлгийн зорилго нь Япон Улсад хүнсний технологич, тогоочоор суралцаж төгсөөд эх орондоо болон Японд мэргэжлээрээ ажиллах хүсэлтэй, Азийн улс орнуудын их сургууль, япон хэлний сургуульд япон хэл сурч байгаа оюутан залуусыг тэтгэлэгт хамруулахад оршино.

Тавигдах шаардлага

  • Сурах хугацаандаа сургуулийн дүрэм журмыг сахих, заасан хугацаанд шаардлагатай кредитийг авч, төгсөх;
  • Төгссөний дараа тус сургуулиас тогтоосон Коохокай группийн эмнэлэг болон байгууллагад 5 жил ажиллах;
  • Дээр дурдсан шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд тэтгэлгийн бүх төлбөр эсвэл төлбөрийн зарим хэсгийг буцаан төлөх үүрэг хүлээнэ.

Тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл энэ сарын 13-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.

Оросын Холбооны Улс

2025-2026 оны хичээлийн жилд Оросын Холбооны Улсын Засгийн газрын тэтгэлгээр тус улсад суралцах хүсэлтэй иргэдийн бүртгэл энэ сарын 14-ний өдрийг дуустал үргэлжилнэ.

Тэтгэлэг горилогч дараах бичиг баримтыг бүрдүүлэх шаардлагатай. Үүнд:

  • Гадаад паспорт (хүчинтэй хугацаа 2027 оны гуравдугаар сарын 1-нээс хойш байх);
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, хавсралтын хамтаар (ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн суралцагч дүнгийн жагсаалтаа сургуулийн захирлаар баталгаажуулж ирүүлнэ)

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.

 

Эх сурвалж: Боловсролын Яам