Нийслэлийн халиа тошин үүссэн хэсэгт Геодези Усны Барилга Байгууламжийн Газраас айл өрх рүү ус орохоос сэргийлэн ажиллаж байгааг мэдээлэв.
"Геодези, Усны барилга байгууламжийн газар" ОНӨААТҮГ-ын /ГУББГ/ Ерөнхий инженер С.Батсайхан "Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Дэнжийн 1000-ын гуравдугаар сувагт халиа тошин үүссэн тул айл өрх рүү хөрсний ус орохоос урьдчилан сэргийлж ажиллаж байна.
Нийслэлийн хэмжээнд зургаан дүүргийн 14 байршилд үерийн хамгаалалтын барилга байгууламжтай хэсэгт халиа тошин үүссэн. Эдгээрээс зургаан байршилд нэлээд их халиатай байгааг дурдвал Хайлааст, Чингэлтэй суваг, Сүхбаатар дүүргийн 14 хорооны хэсэг, Толгойт, Сонгинохайрхан дүүргийн эмнэлгийн баруун талд, Дэнжийн 1000, АНУ-ын ЭСЯ-ны зүүн талд Сэлбэ голын халианаас урьдчилсан сэргийлж, гүүрэн доорх хэсгийг гараар ухах, механизмаар суваг татаж, гарсан мөсөөр нь далан хаалт босгож байна. Одоогоор гурван байршлаас 10,000 гаруй м.куб мөсийг гаргаж, далан үүсгэсэн бол гурван километр газар суваг татах ажлыг гүйцэтгэлээ.
Манай байгууллагаас 10 гаруй техник хэрэгсэлтэйгээр 30 гаруй инженер, техникийн ажилтан ажиллаж байгаа юм.
Жил бүр халиа тошин өөр нөхцөл байдалтай үүсдэг. Энэ жил арванхоёрдугаар сарын 20-ны үеэр халиа үүсэж эхэлсэн бөгөөд авто зам руу урсаж, мөстөх эрсдэл үүсгээд буй. Гуравдугаар сар хүртэл халиа тошин үүсэхээр харагдаж байна" гэв.
Түүнчлэн дүүргийн онцгой байдлын хэлтэс, албадын хариуцдаг инженерийн хийцлэлтэй барилга байгууламжгүй хэсэгт байнгын урсацтай булаг шандаас халиа тошин үүсжээ.
Тус байгууллагын шуурхай бригад батлагдсан хуваарийн дагуу Дэнжийн мянга, Сэлбэ, Толгойт, Улиастайн гол дагасан байнгын урсацтай булаг шанд, халиа тошин үүсдэг байршлуудад ажиллаж байгааг тэрбээр хэллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!