Дани улсын харьяанд өөртөө засах эрхтэй оршдог дэлхийн хамгийн том арал Гринландын удирдагч Муте Эгэдэ шинэ жилийн мэндчилгээндээ тусгаар тогтнолын асуудлыг хөндсөн нь анхаарал татаж байна.
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялсан Дональд Трамп өнгөрсөн сард Гринланд арлыг Дани улсаас худалдаж авах санааг хоёр дахь удаагаа цухуйлгасан юм.
Тэрбээр өмнөх засаг захиргааныхаа үед анх удаа уг санааг илэрхийлэхэд Дани улсын эрх баригчид эрс няцааж байв.
“Бид хэнтэй хамтран ажиллах, хэнтэй түншлэх асуудлаа өөрсдөө шийдэж, ирээдүйн хувь заяагаа гартаа авах цаг болсон” гэж Эгэдэ мэндчилгээ дэвшүүлэх үеэрээ хэлжээ.
20 дугаар зууны турш Дани улсын эрх баригчид арлын оршин суугчдын эсрэг ямар хортой бодлого явуулж байсан, тухайлбал 1960-аад оны үед төрөлтийг хязгаарлах арга хэмжээ авч байсан зэрэг баримтууд ил болсноор сүүлийн жилүүдэд тусгаар тогтнолын асуудал Гринландад хүчтэй яригдах болсон юм.
Гринланд арал 1953 оныг хүртэл Данийн колони байж, дараа нь өөртөө засах эрхтэй үлдсэн юм. Улмаар 2009 онд болсон бүх нийтийн санал хураалтаар тусгаар тогтнолоо зарлах эрхтэй болсон байна.
2023 онд Гринландын засаг захиргаа анхны үндсэн хуулийнхаа төслийг танилцуулж байжээ.
“Түүх болон өнөөгийн бодит байдал Данийн Хаант Улстай бидний үүсгэсэн хамтын ажиллагаа эрх тэгш байдлыг бий болгож чадаагүйг харуулж байна. Одоо бид дараагийн алхмаа хийх цаг болжээ. Дэлхийн бусад улс орнуудын нэгэн адил бид колоничлолын дөнгө гэж хэлж болох хамтын ажиллагааны саад бэрхшээлийг арилгаж, урагшлахын төлөө ажиллах ёстой” гэж Эгэдэ мэдэгдсэн юм.
Гринландын тусгаар тогтнолыг ард түмэн шийдэх ёстойг тэр хэлсэн ч санал хураалт хэзээ явуулах талаар дурдаагүй байна.
Тус арлын 57,000 орчим оршин суугчдын ихэнх нь тусгаар тогтнохыг дэмждэг ч цаг хугацаа, амьжиргааны түвшинд үзүүлэх нөлөөллийн тал дээр санал зөрөлддөг.
Трампын анх 2019 онд тавьсан, сая хоёр дахь удаагаа давтсан Гринландыг худалдаж авах саналыг Данийн эрх баригчид хүлээж авахаас эрх татгалзаж байгаа.
Гринланд арал нь газар зүйн байрлалын хувьд Дани улсаас илүү АНУ-д ойрхон оршдог. Газрын тос, байгалийн хий зэрэг ашигт малтмалын баялаг нөөцтэй ч Гринландын эдийн засаг сул дорой, Дани улсаас жил бүр олгодог санхүүжилт дээр оршин тогтдог юм.
Умард туйлд ойр, Атлантын далайн хойд хэсэгт оршдог тус арлын газарзүйн байрлал Европ тивд Украины дайн эхэлснээс хойш улам бүр стратегийн өндөр ач холбогдолтой болж байгаа.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!