Уншиж байна ...

1831 онд дэлбэрэхдээ дэлхийн уур амьсгалыг хөргөж байсан галт уулыг эрдэмтэд олж тогтоожээ

Т.Давааням, ikon.mn
2025 оны 1 сарын 5
iKon.MN
Зураг зураг

1831 онд хаа нэгтээ галт уул дэлбэрсний улмаас дэлхийн уур амьсгал сэрүүсэж байсан гэдэг.

Тэгвэл эрдэмтэд энэхүү нууцлаг галт уулыг 200 орчим жилийн дараа олж тогтоожээ.

Тухайн дэлбэрэлт нь 19 дүгээр зууны хамгийн хүчтэй дэлбэрэлтүүдийн нэг байсан бөгөөд агаар мандлын стратосферийн давхаргад асар их хэмжээний хүхрийн давхар ислийг цацсан тул дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын жилийн дундаж температурыг Цельсийн нэг хэмээр буулгасан байна.

Эрдэмтэд өмнө нь энэ үйл явдал болсон цаг хугацааг тогтоож чадсан ч галт уулын газар зүйн байрлалыг мэдээгүй байсан юм.

Энэ удаа тэд Гринланд арлын мөсний давхаргад 1831-1834 онуудад тогтсон хүхрийн изотоп, үнс нурмын ширхэг, галт уулын чулууны хэлтэрхий зэргийг судалжээ.

Эдгээрийн хөдөлгөөний траекторыг компьютер загварчлалын аргаар тооцоолоход 1831 оны дэлбэрэлт Номхон далайн баруун хойд хэсэгт болсон нь тогтоогдсон байна.

Улмаар дэлбэрсэн галт уул нь Курилийн бүлэг арлуудын нэг болох Симушир арал дээр оршдог Заварицкий болохыг тогтоожээ.

Энэ нээлтээс өмнө эрдэмтэд Заварицкийг нийтийн тооллын өмнөх 800 онд хамгийн сүүлд дэлбэрсэн гэж үздэг байсан гэнэ.

“Дэлхийн олон галт уулс, ялангуяа алслагдсан бүс нутгийн уулсын дэлбэрэлтийн түүхийн талаар бид маш муу мэдээлэлтэй байдаг. Заварицкий нь Япон, Орос хоёр улсын дунд оршдог алслагдсан арал дээр оршдог. Тэнд хүн амьдардаггүй бөгөөд ойролцоо дайран өнгөрсөн хөлөг онгоцнуудын өдрийн тэмдэглэлээр түүх бичлэг нь хязгаарлагддаг” гэж Их Британийн Гэгээн Эндрьюсийн Их Сургуулийн дэлхий, байгаль орчин судлалын сургуулийн доктор Уильям Хатчисон ярьжээ.

Өмнө нь эрдэмтэд 1831 оны дэлбэрэлт Филиппиний арлууд дээр оршдог Бабуян Кларо галт уулынх байсан гэж таамагладаг байсан байна.

“Дэлхийн уур амьсгалд нөлөө үзүүлсэн энэхүү дэлбэрэлтийг удаан хугацааны турш экваторын бүсийн галт уултай холбон тайлбарласаар ирсэн юм. Харин одоо уг дэлбэрэлт Курилийн арал дээр болсныг бидний судалгаа харуулж байна” гэж Швейцарын Бернийн Их сургуулийн цаг уур судлалын салбарын тэргүүн Стефан Бронниманн тайлбарлажээ.

1808-1835 оны хооронд Заварицкийн хамт өөр гурван галт уул дэлбэрсэн нь 1400-аад оны үеэс 1850 он хүртэл үргэлжилсэн Бага Мөстлөгийн үеийн төгсгөлийг зарласан үйл явдал байв.

Дэлбэрэлтийн дараа дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст жилийн дундаж температур Цельсийн нэг хэмээр, зарим хэсэгт бүр 2 хэмээр буурч, хөрөлт хэдэн арван жилээр үргэлжилсэн гэдэг.

Дээр дурдсан гурван дэлбэрэлтийн хоёр нь 1815 онд Индонезын Тамбора галт ууланд, 1835 онд Никарагуа улсын Косегуина галт ууланд болсныг эрдэмтэд тогтоосон байна.

Харин 1808-1809 оны дөрөв дэх дэлбэрэлт хаана болсныг тогтоож чадаагүй байгаа.

Сүүлийн судалгааны үр дүн дөрөв дэх уул бас Курилийн арлуудын аль нэг дээр байж болзошгүйг харуулжээ.

1831 оны дэлбэрэлтийн дараа Энэтхэг, Япон, Европ даяар хуурай, сэрүүн уур амьсгал бүрэлдсэнээс ургац алдаж, олон сая хүн өлсгөлөнд нэрвэгдэж байсан юм.

Энэхүү судалгаа нь дэлхийн хаа нэгтээ хяналтаас гадна байгаа галт уул дэлбэрэхэд үүсэх нөлөөнд хүн төрөлхтөн ямар ч бэлтгэлгүй байгааг харуулж буйг эрдэмтэд анхааруулсан байна.

Судалгааны тайлан энэ долоо хоногийн эхээр “Proceedings of the National Academy of Sciences” сэтгүүлд нийтлэгджээ.

 

Эх сурвалж: CNN