Дэлхийн тэргүүн баянд тооцогддог Америкийн тэрбумтан Илон Маск сүүлийн үед улс төрд нэлээд оролцдог болоод байгаа.
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд тэр Бүгд Найрамдах Намын нэр дэвшигч Дональд Трампыг дэмжиж ялуулсан бол сүүлд гадаад улс орнуудын төрийн хэрэгт ч хошуу дүрэх болжээ.
Маск хамгийн сүүлд Германы удирдагчдыг элдвээр шүүмжилж, сөрөг хүчин болох хэт барууны үзэл баримтлалтай намыг дэмжиж байгааг сошиал хуудсаараа илэрхийлсэн юм.
Өнгөрсөн долоо хоногт Stern сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Германы канцлер Олаф Шольц улс төрд нь хутгалдах болсон Америк тэрбумтанд нэлээд хатуу үг дайсан байна.
“Ийм зүйлд тайван хандах хэрэгтэй. Социал демократууд бид нийгмийн шударга ардчиллыг таашаадаггүй, үүнийгээ нуудаггүй хэвлэл мэдээллийн баян эздийн дайралтад байнга өртсөөр ирсэн. Би өөрийгөө ноён Маскийн таалалд нийцэхгүй хүн гэдгээ мэддэг. Харин ийм боломжийг бусдад олгож байгаадаа баяртай байна. Миний түүнд хэлэх үг бол: Тролл тэжээхээ зогсоо” гэж Шольц ярьжээ.
Маск ирэх сард Германд болох парламентын сонгуульд хэт барууны AfD (Alternative fur Deutschland) намыг дэмжихээ зарлаж, тус намын тэргүүн Алис Вейдэлийн ярилцлагыг өөрийн эзэмшлийн X платформоор цацахаар болсон юм.
Олаф Шольцын хувьд анх удаа Маскийн нэрийг шууд дурдаж ярьсан нь энэ.
Шинэ жилийн мэндчилгээндээ тэр “сошиал медиагийн эздээр” ирэх сонгуулийн үр дүнг шийдүүлэхгүй байхыг Германы сонгогчдод уриалж байсан юм.
Энэ нь үнэндээ Маск болон Х платформыг хэлсэн хэрэг байв.
Арваннэгдүгээр сард болсон сонгуульд Шольцийн зүүн төвийн эвсэл задрахад Маск түүнийг “тэнэг” хэмээн шүүмжлэн бичиж байжээ.
Дараа нь Маск хоёрдугаар сарын 23-нд болох Германы сонгуульд “Канцлер Оаф Шиц, ер нь ямар ч нэртэй хүн байсан ялагдана” хэмээн доромжилж байв.
Сүүлийн үед тэр бас Их Британийн улс төрийн амьдралд оролцох болоод байгаа.
Тухайлбал Британийн парламентыг тараахыг Чарльз хаанд уриалж, зарим улс төрийн намын дарга хэн болох ёстойг зааж байв.
“Намайг доромжлохоос илүү Маск барууны хэт даврагч, Путиний Оростой ойртохыг номлогч, Атлантын далайг дамнасан холбоотны түншлэлийг сулруулахыг хүсдэг AfD намыг дэмжиж байгаа нь хамгийн их санаа зовоож байна” гэж Шольц ярилцлагадаа хэлжээ.
Саяхан хэвлэлд ярихдаа Маск дээд дурдсан AfD намыг “Германыг аврах сүүлчийн найдвар” гэж тодорхойлж байлаа.
Өнгөрсөн сард Маск бас Германы ерөнхийлөгч Франк Вальтер Штайнмайерыг “ардчиллын эсрэг дарангуйлагч” гэж нэрлэсэн юм.
Шольц энэ талаар “Германы ерөнхийлөгч бол ардчиллын эсрэг дарангуйлагч биш. Ноён Маскийн юу гэж хэлэхээс үл хамааран Герман бол хүчирхэг, тогтвортой ардчилсан засаглалтай улс. Германд АНУ-ын тэрбумтны замбараагүй үг хэллэг биш, ард иргэдийн хүсэл зориг засагладаг юм” гэж хэлжээ.
Герман, Их Британийн улс төрийн амьдралд оролцохоос гадна Маск 2018 оноос хойш хуулийн засаглал, ардчилалд аюул учруулсан бодлого явуулсныхаа төлөө Европын Холбооны хоригоор шийтгүүлсэн Унгарын Виктор Орбантай ярилцаж, Оросын нөлөө орсон үндэслэлээр Румыний ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг цуцалсан шүүгчдийг шүүмжилж, Италийн хэт барууны үзэлтэй ерөнхий сайд Жоржиа Мелонийг дэмждэгээ байнга илэрхийлж байгаа.
Эх сурвалж: The Guardian
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!