Улаанбаатар хотын Их тойруугийн гудамжинд 13 км урт шинэ тойрог зам барихаар зөвлөх үйлчилгээний олон улсын нээлттэй тендерийг өнгөрсөн аравдугаар сард зарлаад байсан юм.
“Шинэ тойрог авто зам” төслийн урьдчилсан Техник, Эдийн Засгийн Үндэслэл (ТЭЗҮ) болон зураг төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт “Си Эс Си И Си Айком консалтантс” ХХК шалгарчээ.
Тус зөвлөх байгууллага нь төслийн урьдчилсан ТЭЗҮ болон зураг төсвийг боловсруулах үүрэг хүлээж, Улаанбаатар хотын төвийн хэсгийн замын ачаалал, хөдөлгөөний зохион байгуулалт, бүтцийн сайжруулалтыг хэрэгжүүлэхэд чухал үүрэгтэй ажиллах юм байна.
Төслийн хүрээнд авто болон явган хүний зам, нийтийн тээврийн замын шинэчлэлтийг олон улсын стандартад нийцүүлэн зохион байгуулахаар төлөвлөжээ.
13 км урт үргэлжлэх шинэ тойрог зам нь 4-6 эгнээтэй байх бөгөөд “Complete street” буюу явган хүний зам, дугуйн зам, ногоон байгууламж бүхий цогц гудамж болох аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!