Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын нутаг дэвсгэрийн зүүн хэсгээс 12 ширхэг алтан гулдмай, $800,000-ын бэлэн мөнгө авч явсан Хятад улсын иргэдийг баривчилсан талаар орон нутгийн эрх баригчид Ням гарагт сэтгүүлчдэд мэдээлжээ.
Тэд алтан гулдмай болон бэлэн мөнгөө өөрсдийн зорчиж явсан автомашины суудал дор нуусан байсныг Өмнөд Киву мужийн захирагч Жан Жак Пуруси сэтгүүлчдэд ярьсан байна.
Конго улсын зүүн хязгаар бол алт, алмааз чулуу болон орчин үеийн технологийн чухал түүхий эд болдог бусад үнэт металлын арвин нөөцтэй нутаг юм.
Колоничлолын эрин үе дууссаны дараа тус улс гадаадын ашиг хонжоо хайгчдын өрсөлдөөний талбар болоод байгаа. Сүүлийн 30 жил Конгын зүүн хэсэгт үймээн самуун, тогтворгүй байдал ноёрхож байгаагийн гол шалтгаан энэ юм.
Конгын энэ бүс нутагт зэвсэгт бүлэглэлүүд уурхай эзэмшиж, тэдгээрийн удирдагчид дундын зуучлагчдад олборлосон бүтээгдэхүүнээ зарах замаар асар их баяждаг.
Ийм наймааны тоглогчид нийслэл Киншаса хот дахь эрх баригчидтай нягт хуйвалдсан байдаг юм.
Өнгөрсөн сард хууль бус алтны уурхай ажиллуулж байсан Хятадын 17 иргэнийг нэр нөлөө бүхий хүмүүс суллуулж, эх оронд нь буцаасан тухай Пуруси мэдээлж байв.
Тэд Конгын засгийн газарт $10 саяын татварын өртэй байсан гэдэг.
Тиймээс саяын баривчлах ажиллагааг гаднын нөлөөллөөс сэргийлэхийн тулд нууцаар зохион байгуулснаа Пуруси тайлбарласан байна.
Пурусигийн захирдаг мужийн хөрш Умард Киву мужид Руанда улсаас босогчдын зэвсэгт бүлэглэл халдаж, их хэмжээний газар нутаг эзлээд байгаа.
Өнгөрсөн сард Ардчилсан Конго улсын засгийн газар өөрийнх нь нутгаас олборлосон “цуст эрдэс баялаг”-ийг ашигладаг гэсэн үндэслэлээр Apple компанийг шүүхэд өгсөн юм.
Хариуд нь тус компани Конго, Руанда улсуудаас түүхий эд авахаа болиод удаж байгааг мэдэгдсэн байна.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!