Зураг
Зураг
Индэр    
Өчигдөр 18 цаг 18 минут
Зураг
iKon.mn сэтгүүлч

Шахмал түлшний үйлдвэртэй танилцаж явсан Ерөнхий сайд "сэтгэлийн" үгээ хэлэв

Зураг

"Ачит ихт", П.Цагаан, Ц.Элбэгдорж гэх нэрс сүүлийн хэд хоногт хэвлэл болон сошиалд нэлээд дурдагдав. 

Сануулбал, Ц.Элбэгдорж, П.Цагаан нарыг интерполоор эрэн сурвалжилж байна, П.Цагааныг баривчлах гэж байна гэхчлэн мэдээлэл цацагдах болсон. Тэгвэл энэ шуугиантай холбоотой албан ёсны гэж хэлж болох мэдээллийг Хууль зүйн сайд О.Алтангэрэл өчигдөр сэтгүүлчдийн асуултад хариулах үеэрээ өгөв. 

П.Цагааныг ямар учраас интерполоор эрэн сурвалжилж байгаа талаар эргэн сануулъя. 

Эрдэнэт үйлдвэрийн овоолго ашиглан үйл ажиллагаа явуулдаг "Ачит ихт" компанийн удирдлага болох П.Цагааныг онц их хэмжээний татвараас зайлсхийсэн гэх үндэслэлээр хуулийн байгууллага шалгаж эхэлсэн. Ийнхүү хуулийн байгууллагын шалгалт эхлэх үеэр П.Цагаан хил давснаар түүнийг интерполоор эрэн сурвалжилж эхэлжээ. Түүнийг Сингапур улсад байгааг тогтоож, тодорхой хязгаар давахыг нь хориглосон байна. 

Сингапурт байгаа түүнд холбогдох асуудлыг өнөөдөр монголын шүүхээр хэлэлцэв. П.Цагааныг хилээр орж ирмэгц баривчлах тухай шүүгчийн захирамж өмнө нь гарсан байж. Түүний өмгөөлөгч уг захирамжийг хүчингүй болгуулах хүсэлт гаргаснаар шүүх уг асуудлыг хэлэлцсэн. Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхээс П.Цагааныг баривчлах захирамжийг хүчингүй болгох шийдвэр гаргажээ. 

Тэгвэл дээрх асуудлаар шахмал түлшний үйлдвэртэй танилцаж явсан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр "Шүүхтэй холбоотой асуудал болохгүй байна гэдгийг би удаа дараа илэрхийлсээр ирсэн. Гэхдээ гүйцэтгэх засаглал шүүх засаглалын ажил руу оролцож байна гэдэг шүүмжлэл яваад байдаг. Ер нь Ц.Элбэгдорж ерөнхийлөгчийн ойрын этгээдүүдэд манай шүүх ерөөсөө үйлчилдэггүй. 

Саяны асуудал бол маш ойлгомжтой байгаа. Ийм асуудлууд олон нийтэд нэг өнцгөөс харагддаг бол улс төрд, мэдээлэлд ойр байхад ойлгомжтой байдаг. Энэ бол эцэстээ Гашуунсухайт-Ганцмодны хэлцэлтэй холбоотой асуудал. Хэлцэл хийгдэх эхний баримт бичиг УИХ-аар батлагдсан. Ц.Элбэгдоржийн сонирхол Тавантолгойг өөрөө авах байсан. Энэ төмөр зам баригдвал Тавантолгойг авах гэсэн хэсэг бүлэг хүмүүс, Тавантолгойг өрсөлдөгчөө гэж үздэг 2-3 компани болон нүүрсний тээвэр эрхэлдэг 11 компанийн эрх ашиг зөрчигдөнө. Янз бүрийн жагсаал цуглааны ард тэдгээр хүмүүс байгаа. Шууд хэлэхэд П.Цагаан болон түүний хүү, Дотоодын цэргийн командлагч Р.Чингис болон түүний дүү Р.Саруул жагсаал цуглааныг санхүүжүүлж байгаа. 

Дээрээс нь Ц.Элбэгдорж гадаадад байгаад байхаар энэ асуудал нь явчих гээд байгаа учраас одоо хүрч ирж олон нийтийн толгойг эргүүлэх гэж байна. Ерөнхий шүүгч Д.Ганзориг болон түүний бүрдүүлсэн баг Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч байхад шүүгч болсон хүмүүс. Тэд одоо эзэндээ үйлчилж байна" хэмээв. 



Шахмал түлшний үйлдвэртэй танилцаж явсан Ерөнхий сайд ийнхүү "сэтгэлийн" үгээ хэллээ. 

Дээрх үйл явдал хийгээд байрыг суурийг нэгтгэн харвал шүүх засаглал шударга ажиллаж байгаа эсэхийг Ерөнхий сайд хэрхэн мэдэж, шударга бус хэмээн дүгнэв гэдэг асуулт урган гарч байна.

Шүүх хэн нэгний эрх ашиг, улс төрийн сонирхолтой нийцэхгүй шийдвэр гаргавал шударга бус ажилласан хэрэг болох уу. Мөн жагсаал цуглаан зохион байгуулж, санхүүжүүлсэн этгээдүүдийг мэдэж байгаа бол тэдэнд хуулийн дагуу хариуцлага тооцдоггүй хэрэг үү Ерөнхий сайд аа гэж асууя. 

Гүйцэтгэх засаглалын тэргүүн Төрийн ордноос гадуур энгийн хувцастай байхдаа "хов базаж" болдог болчхоогүй байлтай.