Намынх нь зүгээс даралт шахалт нэмэгдсэнтэй холбоотойгоор Канадын ерөнхий сайд Жастин Трюдо албан тушаалаасаа огцорч байгааг өчигдөр зарлалаа.
Тэрбээр есөн жил Канад улсын ерөнхий сайдын албыг хашсан юм.
Либерал нам шинэ удирдагчаа сонгох хүртэл албан тушаалаа үргэлжлүүлэн хашихаа мэдэгдсэн Трюдо парламентын үйл ажиллагааг гуравдугаар сарын 24 хүртэл түдгэлзүүлж буйг бас зарлажээ.
“Энэ улс ирэх сонгуулиар чухал сонголт хийх ёстой. Би нам дотроо өрсөлдсөн ч ирэх сонгуулийн хамгийн сайн сонголт байж чадахгүй нь ойлгомжтой боллоо” гэж Трюдо өчигдөр Оттава хотод болсон хэвлэлийн хурлын үеэр хэлсэн байна.
Жастин Трюдогийн нэр хүнд сүүлийн үед ихээр унаж, энэ оны сүүлээр болох парламентын сонгуульд намынх нь үзүүлэх амжилтад муугаар нөлөөлөх хэмжээнд хүрээд байгаа.
“Өчигдөр оройн хоолны үеэр би өнөөдөр зарлаж буй шийдвэрийнхээ талаар хүүхдүүддээ хэлсэн. Нам улс орон даяар хүчтэй өрсөлдөөн явуулж, шинэ даргаа сонгосны дараа би намын дарга, ерөнхий сайдын албан тушаалаасаа огцрох бодолтой байна” гэж тэр хэлжээ.
Трюдогийн мэдэгдлийн дараа Либерал намын ерөнхийлөгч Сачит Мехра энэ долоо хоногт намын удирдах зөвлөлийн хурал болж, намын шинэ даргыг сонгох үйл явц эхлэхийг зарласан юм.
“Манай либерал үзэлтнүүд нам болон улс орноо арав орчим жил удирдсан Жастин Трюдод маш их талархаж байна. Ерөнхий сайдын хувьд тэр Канадын хүүхдийн халамж, өдрийн 10 долларын хүүхдийн асрамж, Канадын анхны цаг уурын үндэсний төлөвлөгөө зэрэг канадчуудын амьдралыг өөрчлөх томоохон алхмуудыг хэрэгжүүлж, бизнесүүдийг аварч, хүний амьдралд нэг тохиох цар тахлыг даван туулахад манлайлсан юм” гэж тэр энэ үеэр хэлжээ.
Харин сөрөг хүчин болох Консерватив намын дарга Пьер Пойлевре ерөнхий сайд огцроод юу ч өөрчлөгдөхгүйг анхааруулсан байна.
“Либерал намын бүх хууль тогтоогчид, удирдлагууд есөн жилийн турш Трюдогийн хийсэн бүгдийг дэмжиж байсан. Харин одоо тэд Жастин шиг канадчуудыг дахин дөрвөн жил хуурахын тулд либерал нүүр царайгаа өөрчилж байна” гэж тэр Х хуудсандаа шүүмжлэн бичжээ.
Өнгөрсөн сард Трюдогийн холбоотон, шадар сайд Кристина Фриланд албан тушаалаасаа гэнэт огцорсон юм.
Тэрбээр АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялагч Дональд Трампын тус улсын импортын бараанд оноох өндөр татварын сүрдүүлгийг Трюдо нухацтай хүлээж авч, хангалттай арга хэмжээ аваагүй гэсэн үндэслэлээр огцорсон байна.
Үүний дараа Трюдогийн нэр хүнд улам унаж, нам дотроос нь ирэх дарамт шахалт нэмэгдсэн юм.
Трамп ерөнхийлөгчийн тангараг өргөснийхөө дараа Канадын бүх импортын бараа бүтээгдэхүүнд 25 хувийн татвар оноохоо арваннэгдүгээр сарын сүүлээр мэдэгдэж байв.
Үүнийгээ тэр Канад улс АНУ руу нэвтэрдэг хууль бус цагаачид, мансууруулах бодисын урсгалд хангалттай хяналт тавихгүй байгаагийн шийтгэл гэж тайлбарласан юм.
Үүнээс гадна хэд хэдэн жижиг намтай эвсэж засгийн газар байгуулсан Трюдо өндөр инфляц, орон сууцны үнийн өсөлт зэрэг асуудлуудтай тэмцэхэд шийдвэртэй ажиллаж чадахгүй байлаа.
Хэрвээ өнөөдөр сонгууль болбол Консерватив нам ялах нь санал асуулгуудын үр дүнгээс харагдаж байгаа.
Канадын парламентын сонгууль аравдугаар сарын 20-нд товлогдсон ч Трюдо огцорсонтой холбоотойгоор хугацаа нь наашилж магадгүй боллоо.
53 настай Трюдо нь 1970-аас 1980-аад онуудад Канадын улс төрд ноёлж байсан ерөнхий сайд асан Пьер Трюдогийн хүү юм.
Залуу Трюдо 2015 оны сонгуулиар Либерал нам үнэмлэхүй ялалт байгуулсны дараа ерөнхий сайдын албан тушаалд томилогдож байжээ.
Түүний амжилтуудаас дурдвал Канадын засгийн газрын гишүүдийн 50 хувийг эмэгтэйчүүдээс бүрдүүлэн хүйсийн тэгш байдлыг хангаж, Канадын уугуул иргэдтэй эвлэрэх үйл явцыг ахиулж, үндэсний хэмжээнд нүүрстөрөгчийн татварыг нэвтрүүлж, гэр бүлүүдэд татваргүй хүүхдийн бодлого хэрэгжүүлж, каннабисын эмчилгээний бус хэрэглээг хуульчилсан юм.
Гэвч сүүлийн жилүүдэд Трюдог тойрсон дуулиан тасрахаа больж, 2019 оны сонгуулийн дараа Либерал нам парламентад олонхын статусаа алдсан байна.
2024 оны сүүлээр Трюдогийн рэйтинг ердөө 22 хувьд хүрч байжээ.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!