Нэтфликсийн “Squid Game” цувралын хоёрдугаар бүлэгт Вьетнамын дайны тухай харилцан яриа гардаг.
Энэ яриа Вьетнамын үзэгчдээс нэлээд шүүмжлэл дагуулж байгаа тул тус улсын эрх баригчид анхаарлаа хандуулжээ.
Тухайлбал гадаад киноны агуулгад хяналт тавьдаг Вьетнамын Кино Урлагийн Газар шүүмжлэлийн мөрөөр “Squid Game” цувралыг шалгаж эхэлсэн тухай Даваа гарагт тус улсын төв хэвлэл Лао Дон мэдээлжээ.
“Хэрвээ уг цувралын агуулгад хууль зөрчсөн зүйл байвал бид зохих арга хэмжээг авах болно” гэж тус газрын төлөөлөгч мэдэгдсэн байна.
Жүжигчин Кан Ха Нюлийн бүтээсэн 388 дугаартай оролцогчийн дүр гэр бүлийнхээ түүхийг ярихдаа “Миний аав намайг жинхэнэ эр хүн болгохыг хүсдэг байсан тул тэнгисийн цэрэгт алба хаалгуулсан юм. Миний аав Вьетнамын дайны ахмад дайчин байлаа” гэж ярьдаг.
Өөр нэг оролцогч түүний эцгээр бахархаж байгааг илэрхийлэхдээ “Чиний аав нэр төртэй хүн байжээ” гэж хэлдэг юм.
Вьетнамын дайнд оролцсон Солонгос цэргүүдийг алдаршуулсан энэхүү харилцан яриа Вьетнамын үзэгчдийг нэлээд бухимдуулсан байна.
“Вьетнамын дайнд оролцсон солонгос цэргүүдийг ингэж алдаршуулах нь буруу”, “Өмнөд Солонгосын цэргүүдийн дайны үеэр үйлдсэн гэмт хэргийг энэ цуврал цайруулж байна” гэх зэргээр хүмүүс сошиал сүлжээнд бичих болжээ.
Зарим хэсэг нь “Япон улсаас колонийн үеийн харгислалдаа уучлал гуйх, нөхөн төлбөр өгөхийг шаарддаг Өмнөд Солонгос харин өөрийн Вьетнамд гүйцэтгэсэн зүйлээрээ бахархаж байна. Энэ бол хоёр нүүр гаргасан хэрэг” гэж бичсэн байна.
Хэрвээ эрх баригчид хууль зөрчсөн гэж дүгнэвэл “Squid Game” цувралыг Вьетнамд хориглож магадгүй болжээ.
Вьетнамын дайнд АНУ-ын холбоотон Өмнөд Солонгос цэргээ илгээж байсан түүхтэй. Солонгос цэргүүдийн энгийн иргэдийн эсрэг үйлдсэн дайны гэмт хэргийн асуудал одоо ч сөхөгддөг.
Солонгос киноны агуулгатай холбоотой маргаан Вьетнамд анх удаа гарсан нь энэ биш.
2022 онд tvN сувгийн “Little Women” цуврал түүхийг гажуудуулсан шалтгаанаар Вьетнамын Нэтфликс платформоос хасагдаж байжээ. Уг цувралд Өмнөд Солонгосын нэг цэрэг Вьет Конгийн (Вьетнамын коммунистууд) 20 цэргийг устгах чадвартай байсан талаар бахархсан утгатай харилцан яриа гардаг юм байна.
Эх сурвалж: Korea Times
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!