Уншиж байна ...
Зураг
Зураг

Илон Маскийн аав хүүгээ Английн "Ливерпүүл" клубийг худалдаж авах сонирхолтойг баталжээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
Өчигдөр 16 цаг 20 минут
IKON.MN
Зураг зураг

Тэрбумтан Илон Маскийн төрсөн эцэг Эррол хүүгээ Английн "Ливерпүүл" клубийн хувьцааг худалдаж авах сонирхолтой гэдгийг баталжээ.

Премьер лигийг тэргүүлж буй "Улаанууд"-ыг АНУ-ын "Fenway Sports Group" 2010 оноос хойш эзэмшиж байгаа юм. Тус групп гаднын хөрөнгө оруулагч багтаа нэмэх талаар сонирхож байсан ч бүх хувьцаагаа зарах талаар ямар нэг мэдээлэл хийгээгүй.

Тэгвэл энэ талаар тэрбумтны эцэг Эррол Маск Times Radio-д өгсөн ярилцлагадаа "Би энэ асуултад бодитой хариу өгч чадахгүй. Гэхдээ хүү маань "Ливерпүүл" клубийн эзэн болохыг хүсдэг. Ийм боломж гарвал би ч гэсэн ашиглана" гэж ярьжээ. 

Үргэлжлүүлээд түүний гэр бүл Ливерпүүл хоттой салшгүй холбоотойг эцэг Маск онцолсон юм. Тэрбээр "Илоны эмээ нь Ливерпүүл хотод төрсөн. Одоо ч энэ хотод хамаатан, саднууд маань амьдардаг. Манай гэр бүлийнхэн алдарт "Битлз" хамтлагийг сонсож өссөн азтай хүмүүс" гэсэн юм.

Өнгөрсөн оны тавдугаар сард Forbes сэтгүүлээс хамгийн үнэ цэнтэй хөлбөмбөгийн клубийн жагсаалтыг гаргахад "Ливерпүүл" $5.37 тэрбумаар дөрөвдүгээрт бичигдсэн. Энэ нь тэрбумтан Илоны нийт хөрөнгөний нэг хувьтай тэнцэх юм. 

"Ливерпүүл"-ийн хөгжөөн дэмжигчид багийн эзэд болох "FSG"-г багийн бүрэлдэхүүнд бага хөрөнгө оруулдаг гэж шүүмжилдэг. Өнгөрсөн жил тус клуб татварын өмнөх зардлаар ойролцоогоор $11 саяын алдагдал хүлээсэн.

Үүний дараа клубийн Гүйцэтгэх захирал Энди Хьюз "Энэ клубийг 2010 онд худалдаж авснаас хойш санхүүгийн хувьд тогтвортой байлгах нь бидний зорилго" гэж тодотгож байв.

Өнгөрсөн улирлын санхүүгийн үр дүн ирэх сард тодорхой болох юм.

Тус группийн эзэн Жон Хэнригээс 2023 нэгэн сэтгүүлч багаа зарах талаар сонирхож байгаа эсэхийг лавлахад "Манай групп сүүлийн 20 жил ямар нэгэн хувьцаагаа зарсан уу? Үгүй" гэж хариулж байв. 

Тэгвэл өнгөрсөн жил АНУ-ын хөрөнгө оруулалтын "Dynasty Equity"-д бага хэмжээний хувьцааг зарсан юм. Энэ талаар группийн Ерөнхийлөгч Майк Гордон "Ливерпүүл" клубийн төлөөх урт хугацааны амлалт урьдын адил хүчтэй хэвээр байгааг онцолсон.

Английн клуб багийнхаа гол гурван тоглогч болох Мохамед Салах, Виржил ван Дик, Трент Александр Арнолд нартай гэрээгээ сунгах даалгавартай байгаа. Тэдний гэрээ энэ зун дуусах юм.

 

Эх сурвалж: The Guardian