Өнгөрсөн оны наймдугаар сард Үндэсний Хоккейн Лиг (NHL)-ийн од Жонни Годро болон түүний төрсөн дүү Мэтьюгийн амь насыг хохироосон хэрэг гарсан юм.
Хоккейчин залуус төрсөн хот Нью Жэрсид охин дүү Кэтигийнхээ хуримд оролцохоос нэг өдрийн өмнө замаар дугуйтай явж байгаад автомашинд дайруулж, амь насаа алдсан билээ.
Энэ хэрэгт 44 настай Шон Хиггинсийг буруутгаж байгаа. Хэрэг болох үед Шон ээжтэйгээ маргалдсаны улмаас таваас зургаан лааз шар айраг уугаад хоёр цаг орчим жолоо барьжээ. Мөн жолоо барих үедээ найзуудтайгаа утсаар ярьж явснаа ч хүлээсэн байна.
Тэгвэл мужийн прокурорууд Шон Хиггинст 35 жил хоригдох ял санал болгосон ч хүлээн зөвшөөрсөнгүй. Тэрбээр хүний амь насыг санаатайгаар хохироосон гэж үзэхгүй байгаагаа мэдэгджээ.
Болсон үйл явдлыг харсан гэрчийн мэдүүлснээр Шон тэр өдөр их түрэмгий байсан аж. Тэр болон өөр нэгэн жолоочийн хамт дугуйгаар зорчиж явсан иргэдийг хараад хурдаа сааруулсан ч Шон огцом баруун дарж ороод хохирогчдыг мөргөсөн байна.
Шоны цусан дахь архины хэмжээг тусгай багажаар хэмжиж үзэхэд .087 гарсан юм. Мужийн хуулиар уг хэмжээ .08-аас хэтрэхгүй байх ёстой аж.
Түүнийг хүний амь насыг онц хэрцгийгээр тээврийн хэрэгсэл ашиглаж хөнөөсөн болон нотлох баримтыг устгах, ослын газрыг орхиж явсан гэх хоёр зүйл ангиар буруутгаж байгаа юм.
Өмгөөлөгч Матью Портеллагийн хэлснээр Шон сайн эцэг, үлгэр жишээ иргэн байсан ч хэрэг гарсан өдөр "буруу шийдвэр гаргасан" гэж ярьжээ.
"Жонни Хоккей" хочит америк эр NHL-д 10 улирал тоглосон. Эхний найман улиралд "Калгари"-д хүчин зүтгэсэн тэрбээр сүүлийн хоёр жил "Коламбус"-ын гараанд гарч байсан юм.
Эх сурвалж: The Guardian
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!