Уншиж байна ...
Зураг
Зураг

Балтийн тэнгисийн кабелийг тасалсан хөлгийн зангууг Шведийн тэнгисийн хүчнийхэн олжээ

Т.Давааням, ikon.mn
Өчигдөр 10 цаг 15 минут
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн сарын сүүлээр Оросын газрын тосыг тээвэрлэж явсан хөлөг Финланд, Эстони улсуудыг холбодог Балтийн тэнгисийн ёроолд суурилуулсан харилцаа холбооны кабелууд, эрчим хүчний шугамыг тасалсан байж болзошгүй хэрэг гарсан билээ.

Сэжиглэгдэж буй хөлгийг Финландын тал боомтдоо саатуулж, ажилчдыг нь хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан хэргээр шалгаж байгаа.

Балтийн тэнгисийн ёроолд тус хөлөг зангуугаа чирч явсныг батлах ул мөр илрүүлснээ Финландын тал зарлаж байв.

Тэгвэл өчигдөр энэ мөрдлөгт туслахаар ирсэн Шведийн тэнгисийн хүчний хөлөг Балтийн тэнгисийн ёроолоос хөлгийн зангууг олж гаргаад Финландын талд шилжүүлжээ.

“HMS Belos хөлөг зангууг олж, уснаас гаргаад Финландын эрх баригчдад хүлээлгэж өглөө” гэж Шведийн тэнгисийн хүчний хэвлэлийн төлөөлөгч Жимми Адамссон мэдээлсэн байна.

Күүкийн арлуудад бүртгэлтэй “Eagle S” нэртэй ачааны хөлөг арванхоёрдугаар сарын 25-ны өдөр Балтийн тэнгисээр зорчих үеэр Финланд, Эстони улсуудыг холбосон эрчим хүчний “EstLink 2” шугамыг тасарсан юм.

Дараа нь бас хоёр улсыг холбосон интернэтийн кабелууд тасарсан байна.

Арванхоёрдугаар сарын 29-нд Финландын мөрдөгчид Балтийн тэнгисийн ёроолд хэдэн арван километр үргэлжилсэн зангууны мөр олсноо зарлаж байв.

Одоо “Eagle S” хөлгийн багийн найман гишүүн Финландын нутаг дэвсгэрт саатуулагдаад байгаа.

Финландын харилцаа холбооны оператор Elisa тасарсан кабелуудын хоёрыг нь засварласнаа Даваа гарагт мэдээлсэн юм.

Харин “EstLink 2” шугамыг засварлахад урт хугацаа шаардагдах төлөвтэй байгаа.

Финланд, Германыг холбодог гурав дахь тасарсан интернэтийн кабелийг нэгдүгээр сарын 10-нд залгаж дуусах төлөвлөгөөтэй байгаагаа Cinia оператор мэдээлжээ.

Украины дайн эхэлсэн цагаас хойш Балтийн тэнгист хорлон сүйтгэх ажиллагаа байж болзошгүй үйлдлүүд гарах нь эрс нэмэгдсэн юм.

Өнгөрсөн сарын сүүлээр НАТО энэ бүсэд харуул хамгаалалтыг нэмэгдүүлэх шийдвэр гаргаж байв. Балтийн тэнгис нь НАТО-гийн гишүүн хэд хэдэн орноор хүрээлэгдсэн байдаг.

 

Эх сурвалж: AFP