Уншиж байна ...
Зураг
Зураг

УИХ-ын гишүүн асан Н.Оюундарийг БНПУ-д суух Элчин сайдаар томилохыг дэмжив

А.Ням-Өлзий, iKon.mn
Өчигдөр 15 цаг 24 минут
IKON.MN
Зураг зураг

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2024 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн Элчин сайдыг томилох асуудлыг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцлээ.

Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Үндсэн хуулийн Гучингурав дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3, Засгийн газрын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4, Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх заалтыг тус тус үндэслэн Монгол Улсаас Бүгд Найрамдах Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Наваан-Юндэнгийн Оюундарийг шинээр томилох саналтай байгааг дурдлаа.

Мөн уг асуудлыг Засгийн газрын 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж, Засгийн газрын гишүүд дэмжсэн гээд Элчин сайдаар томилон ажиллуулахаар нэр дэвшүүлж буй Н.Оюундарь нь төрийн албанд олон жил ажилласан, дипломат албанд ажилласан туршлагатай, мэргэжлийн өндөр ур чадвартай, удирдах ажлын дадлага туршлагатай. Орос англи, герман, хятад хэлний мэдлэгтэй. Төрийн болон дипломат албаны хууль тогтоомжийн шалгуурыг хангасан, төрийн тусгай албанд ажиллах бүрэн боломжтой албан хаагч гэж үзэж байгаа гэв.  

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авав.

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин: Монгол Польш улсуудын эдийн засгийн харилцааг хэрхэн өргөжүүлэхээр төлөвлөж байна вэ гэдгийг нэр дэвшигчээс асууя.

Мөн Гадаад харилцааны яамнаас гадаад улсад суух Элчин сайдаар улс төрчдийг томилдог. Элчин сайдаар томилогдсон улс төрчдийн тал дээр ямар бодлого баримталдаг вэ гэдгийг тодруулъя.

Н.Оюундарь: Монгол Польшийн эдийн засгийн харилцаа өргөжин хөгжиж байгаа. Сүүлийн гурван жилийн хугацаанд эдийн засгийн эргэлт хоёр дахин нэмэгдсэн. Худалдааны эргэлт 100 орчим сая ам.долларын хэмжээнд хүрсэн. Энэ тоо цаашид ч өсөх магадлалтай. Манай улс Польшоос хүнсний бүтээгдэхүүн, барилгын материал, химийн бүтээгдэхүүн зэрэг бараа материал экспортолдог.

Худалдааны эргэлтээс гадна Польшоос манай улсад хөрөнгө оруулалтын чиглэлээр нэлээд үйл ажиллагаа явуулдаг.

Тус улсад манай 100-аад иргэн ажиллаж амьдардаг. Тэдгээр иргэд голчлон уламжлалт анагаах ухааны чиглэлээр ажилладаг.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг: Манай дипломат төлөөлөгчийн газар 50 бий. Үүний 34 нь Элчин сайдын яам. Бусад нь Байнгын төлөөлөгчийн газар, Худалдааны төлөөлөгчийн газар, Ерөнхий консулын газар.

Тэргүүнүүдийнх нь хувьд сүүлийн дөрвөн жилийн хугацаан дахь томилгоо нэлээд мэргэжлийнх болсон. 22 хувь нь мэргэжлийн бус буюу улс төрийн шийдвэрээр томилогдсон.



Гишүүд асуулт асууж, хариулт авснаар Н.Оюундарийг БНПУ-д суух Элчин сайдаар томилохыг дэмжих эсэхээр санал хураалт явуулав. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр уг томилгоог УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэн батална.