Дорнод Хятадын гол далайн боомтуудыг эзэмшдэг Shandong Port Group компани АНУ-ын хоригт орсон гадаадын ачаа тээврийн хөлгүүдийг хүлээж авахаа зогсоосон талаар газрын тосны арилжааны гурван эх сурвалж өчигдөр мэдээлжээ.
Олон тооны хувийн газрын тос боловсруулагч компаниуд үйл ажиллагаа явуулдаг Шандун мужийн боомтууд нь Орос, Иран, Венесуэлийн газрын тосны гол хүлээн авагч байсан юм.
Өнгөрсөн онд Шандуны боомтууд дээрх гурван улсаас өдөрт дунджаар 1.74 сая баррель газрын тос авч байсан нь нийт Хятадын импортын 17 хувь болсныг Kpler компанийн гаргасан мэдээлэл харуулж байна.
АНУ-ын эдийн засгийн хоригт орсон улсуудын газрын тосыг тээвэрлэдэг хөлгүүдийг “сүүдрийн флот” гэж нэрлэдэг. Өнгөрсөн сард Вашингтоны эрх баригчид Ираны газрын тосыг тээвэрлэдэг компаниудын эсрэг хориг арга хэмжээгээ өргөтгөсөн юм.
Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагч Дональд Трамп бас тангараг өргөснийхөө дараа “сүүдрийн флот”-ын эсрэг авах арга хэмжээгээ чангатгах төлөвтэй байна.
Хориг арга хэмжээ нь дэлхийн хамгийн том газрын тос худалдан авагч Хятад улс руу нэвтрэх Орос, Иран, Венесуэлийн бүтээгдэхүүнийг эрс багасгах юм.
Shandong Port компани АНУ-ын сангийн яамны хоригт орсон хөлгүүдийг боомтод нэвтрүүлэх, засвар үйлчилгээ үзүүлэх, ачааг нь буулгахыг хориглох мэдэгдлийг тээвэр эрхлэгчдэд хүргүүлсэн юм байна.
Тус группийн мэдэлд хоригт орсон улсуудын газрын тосыг гол хүлээн авагч Чиндао, Рижао, Янтай зэрэг зүүн эргийн боомтууд байдаг.
Өнөөдөр Орос, Иран, Венесуэлийн газрын тосыг тээвэрлэж, зах зээлд нийлүүлдэг “сүүдрийн флот” гэгчид нийт 669 хөлөг багтдаг гэсэн мэдээлэл бий.
Эдгээрийн 250-300 орчим нь Оросын газрын тосыг тогтмол тээвэрлэдэг тухай Lloyd’s List Intelligence байгууллагын шинжээч Майкл Уэйз Бокман мэдээлжээ.
Хориг арга хэмжээний үр дүнд хууль ёсны тээвэрлэгч компаниудын эрэлт нэмэгдэх сургаар өчигдөр энэ салбарын гол компани Frontline-ийн хувьцааны ханш 9 гаруй хувиар өссөн байна.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!