Уншиж байна ...
Зураг
Зураг

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ахмад настны тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж, хамтран ажиллахыг уриаллаа

ikon.mn
Өчигдөр 11 цаг 35 минут
IKON.MN
Зураг зураг

Манай улс ахмад настны хөгжлийг дэмжих, цогц тусламж, үйлчилгээ үзүүлэх шинэ зохицуулалт бүхий Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталж, улмаар энэ оны эхний өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн.

Хуулийн хэрэгжилттэй холбогдуулан Ахмадын үндэсний чуулганыг Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн ивээл дор 2025 оны нэгдүгээр сарын 08-ны өдөр Төрийн ордны “Их Монгол” танхимд зохион байгуулж байна.

УИХ-ын дарга үндэсний чуулганыг нээж хэлсэн үгэндээ, аливаа улс орны хөгжлийн түүх үе үеийн ахмадуудтай салшгүй холбоотой, нийгмийн үүрэг, оролцоо нь нэн чухал гэдгийг онцлоод, ахмад настны нийгмийн асуудлыг эрүүл мэнд, тэтгэвэр, тэтгэмж, хөдөлмөр эрхлэлт, хөгжил, идэвхтэй амьдрал, оролцоог дэмжих гэсэн таван үндсэн чиглэлд нэн түрүүнд анхаарч ажиллах шаардлагатай хэмээн онцоллоо.

зураг
 

Тэрбээр 2025 онд Монголын парламент эрх зүйн төгөлдөршил, эрүүл монгол хүн, мега төслийн бүтээн байгуулалт, алдагдалгүй төсөв зэрэг алсдаа үр өгөөжөө өгөх амбицтай том зорилтыг дэвшүүлсэн.

Үүнд ахмадуудын оролцоо, дуу хоолой, санал санаачилга, бүтээлч хөдөлмөр урьдын адил чухал хэвээр байна. Халамжаас хөдөлмөрт” гэсэн бодлогын хүрээнд ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих эрх зүйн орчин бүрдэж, Ахмад настны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үзэл санаа хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд чиглэсэн.

Одоо хуулиа хэрэгжүүлэхэд бүх талууд хүчин чармайлт гаргах ёстой. Төр, хувийн хэвшлийн бүх байгууллага хуулиар хүлээсэн үүрэгтэй гэдгийг ч сануулъя.

зураг
 
зураг
 

Ахмад настны эрхийг зөрчих явдал сэтгэл түгшээсэн асуудлын нэг тул холбогдох байгууллагууд анхааралдаа авч, УИХ-д танилцуулах, УИХ бүрэн эрхийнхээ дагуу ахмад настны тухай хуулийн биелэлтийг улс орон даяар зохион байгуулж, хангаж ажиллахыг Засгийн газраас шаардах төдийгүй, хууль бусад шийдвэрийн биелэлтийг хянан шалгах үүргээ хэрэгжүүлж ажиллахыг ямагт хичээнэ гэсэн юм.

зураг
 

Түүнчлэн Ахмад настны тэтгэвэр тэтгэмжийг өөрт нь зориулахгүй байх, тэдний эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, улмаар эрүүл мэнд, бие махбод, сэтгэл санаанд нь гэм хор учруулах, учруулахаар заналхийлсэн үйлдлүүд нь хүний эрхийн ноцтой зөрчлүүд болохыг сануулж, Ахмадын холбоод хууль, журмын хэрэгжилт практикт хэрхэн бууж байгаа талаар тухай бүр мэдээ, мэдээллээр хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалыг хангаж, байнгын хяналт тавьж ажиллахыг уриаллаа. 

Ахмадын үндэсний чуулган үргэлжилж байна.