Уншиж байна ...
Зураг
Зураг

Гринланд арал, Панамын сувгийг зэвсгийн хүчээр АНУ-д нэгтгэх хувилбарыг Дональд Трамп үгүйсгэсэнгүй

С.Мөнхцэцэг, ikon.mn
Өчигдөр 8 цаг 57 минут
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялагч Дональд Трамп бусдын газар нутгийг эзлэн түрэмгийлэх санаагаа өчигдөр дахин илэрхийлжээ.

“Манай улсын хувьд чухал ач холбогдолтой Панамын сувгийг та нар харцгаа. Бид уг сувгийг Панам улсад өгсөн. Гэтэл одоо Хятадын мэдэлд орсон байна. Бид сувгийг Хятадад өгөөгүй” гэж тэр өчигдөр Флорида дахь хувийн эдлэн Мар-А-Лагод болсон хэвлэлийн хурлын үеэр хэлсэн байна.

Панам болон Гринландад цэрэг зэвсэг, эдийн засгийн дарамт шахалт үзүүлэхээс зайлсхийх эсэхийг нь асуухад Трамп “Би үүнийг танд амлаж чадахгүй. Та Панам болон Гринландын талаар ярьж байна. Үгүй, би энэ хоёрын алинд нь ч тийм амлалт өгч чадахгүй” гэж хариулжээ.

“Гэхдээ би нэг л зүйлийг хэлж чадна. Бидэнд тэдний эдийн засгийн аюулгүй байдал чухал. Панамын сувгийг манай зэвсэгт хүчинд зориулж байгуулсан юм шүү” гэж тэр цааш нь хэлсэн байна.

Нэгдүгээр сарын 20-нд Дональд Трамп тангараг өргөснөөр АНУ-ын ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж эхлэх юм.

Даваа гарагт АНУ-ын Конгресс албан ёсоор түүний сонгуулийн ялалтыг баталгаажуулсан.

Панамын сувгийг анх АНУ байгуулж, 1999 онд ерөнхийлөгч агсан Жимми Картерын зуучилсан гэрээгээр Панам улсад шилжүүлэн өгч байжээ.

Одоо тус сувгийн гол хэрэглэгч нь АНУ бөгөөд нийт ачаа тээврийн урсгалын 40 орчим хувийг эзэмшдэг.

Трамп сонгуульд ялснаасаа хойш Панамын сувгийг буцааж авах талаар байнга ярьдаг болоод байгаа.

Ингэхдээ тэр сувгийг Хятадын хяналтад орсон, бүр Хятадын цэргүүд байрладаг гэж ярьсан юм.

Панамын ерөнхийлөгч Хосе Раул Мулино өнгөрсөн сард үүнийг нь няцаахдаа “Сувагт ганц ч хятад хүн байхгүй” гэж хэлж байжээ.

Өчигдрийн хэвлэлийн хурлын үеэр Хятад улс АНУ-ын гол аюул занал мөн болохыг Трамп дахин илэрхийлж, Гринланд арлаас татгалзахыг Дани улсын засгийн газарт уриалсан юм.

“Манай үндэсний аюулгүй байдалд чухал шаардлагатай учраас тэд энэ арлаас татгалзах хэрэгтэй. Чөлөөт ертөнцөд ингэх нь ашигтай. Би чөлөөт ертөнцийг хамгаалах тухай ярьж байна. Арлын хаа сайгүй Хятадын, эсвэл Оросын хөлгүүд байрлахыг бид хэрхэвч зөвшөөрөхгүй” гэж Трамп хэлжээ.

Тэрбээр өчигдөр бас Канад улсыг АНУ-ын 51 дэх муж болгох санаагаа дахин илэрхийлсэн байна.

“Хэрвээ Канад улс АНУ-д нэгдвэл ямар ч татвар, тарифгүй болж, тэднийг байнга тойрон эргэлдэж буй Хятад, Оросын хөлгүүдээс айх айдасгүй болно” гэж Трамп сүүлд сошиал хуудсандаа бичжээ.

Хэвлэлийн хурлын үеэр тэр Канадыг нэгтгэхэд цэрэг зэвсгийн хүчийг бус эдийн засгийн хүч нөлөөгөө ашиглах боломжтойг илэрхийлсэн юм.

Тэгвэл Трампын хэвлэлийн хурлын дараахан Канадын ерөнхий сайд Жастин Трюдо “Канад улс АНУ-ын нэг хэсэг болох ямар ч найдлага байхгүй. Хоёр улс хэн хэнийхээ хамгийн том худалдааны болон аюулгүй байдлын түнш юм” гэж сошиал хуудсандаа бичжээ.

Үүний өмнө Канадын гадаад хэргийн сайд Мелани Жоли “Канад улсыг юу хүчирхэг болгодгийг Трамп бүрэн ойлгодоггүй юм байна. Бид заналхийллийн өмнө хэзээ ч сөхрөхгүй” гэж мэдэгдсэн юм.

 

Эх сурвалж: Associated Press