Австралийн Хоккейн Холбоо (IHA) ирэх дөрөвдүгээр сарын 27-ноос тавдугаар сарын 3-ныг дуустал Мельбурн хотод болох Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) II "A" хэсгийн тэмцээнийг цуцлах шийдвэр гаргажээ.
Чансаа сул багуудын ДАШТ-д 12 баг өрсөлдөх юм. Шинэ Зеланд "B" хэсгийг зохион байгуулах бол "A" хэсэгт Австрали, Арабын Нэгдсэн Эмират, Бельги, Нидерланд, Серби, Израилийн баг багтсан.
Аюулгүй байдлын үүднээс ийм алхам хийж байгаагаа холбооныхон албан ёсны мэдэгдэлдээ дурджээ. Тэгвэл орон нутгийн хэвлэлийнхэн тус тэмцээнд Израилийн баг оролцох тул ийм шийдвэр гаргасан гэж мэдээлсэн байна.
Хэвлэлүүд IHA-ноос Олон Улсын Хоккейн Холбоо (IIHF) руу илгээсэн цахим захиаг иш татаад Израильтай холбоотой аюулгүй байдлын үүднээс тэмцээнийг зохион байгуулах боломжгүй гэж таамаглажээ.
IHA мэдэгдэлдээ орон нутгийн цагдаагийн байгууллагынхантай зөвлөлдсөний дараа ирэх дөрөвдүгээр сард болох арга хэмжээг цуцлахаар шийдвэрлэсэн гэдгээ онцолсон.
Уг мэдэгдэлд Израилийн талаар дурдаагүй бөгөөд "Тамирчид, сайн дурынхан, үзэгчид болон бусад оролцогчдын аюулгүй байдлыг хангах үүднээс ийм шийдвэр гаргасан" гэв.
Энэ асуудлаар IIHF ямар нэг албан мэдэгдэл гаргахаас татгалзсан байна.
2023 оны аравдугаар сард Хамас бүлэглэл Израиль руу халдаж, Газын зурваст дайны гал дүрэлзсэнээс хойш Австралид антисемитист үзэл дэлгэрч, үүнтэй холбоотой гэмт хэргүүд ч их гарах болсон юм.
Үүний эсрэг тус улсад үйл ажиллагаа явуулдаг еврей байгууллагууд Засгийн газрыг ямар нэг арга хэмжээ аваагүй гэж буруутгасан.
Австралийн Ерөнхий сайд Энтони Албанезе Мягмар гарагт тэмцээнийг цуцалсанд сэтгэл дундуур байгаагаа мэдэгдсэн байна. Мөн Засгийн газраас Австрали дахь еврейчүүдийг хамгаалахын тулд хангалттай арга хэмжээ авсан гэж дурджээ.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!