Уншиж байна ...
Зураг
Зураг

Төмөр замын газрыг шинээр байгуулахыг байнгын хорооны гишүүд дэмжив

А.Төгөлдөр, iKon.mn
Өчигдөр 9 цаг 39 минут
IKON.MN
Зураг зураг

Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн /2025.01.07/ хуралдаанаар Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв. 

Тогтоолын төслийн талаар Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан танилцууллаа. Тэрбээр, Улсын Их Хурлын чуулганы 2023 оны долдугаар сарын 07-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан бөгөөд тус хуулийн 10 дугаар зүйл, Улсын Их Хурлын 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 72 дугаар тогтоолд “төмөр замын тээврийн үйл ажиллагаатай холбоотой хяналт, зохицуулалтыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг байх”-аар тус тус заасан.

Гэвч Улсын Их Хурлын 2024 оны 13 дугаар тогтоолын хавсралтаар “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч”-ийг шинэчлэн батлахдаа Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Төмөр замын газрыг тусгалгүй орхигдуулсан хэмээлээ.

Сайд Д.Дэлгэрсайхан, ОХУ, БНХАУ болон төмөр замын чиглэлээр идэвхтэй харилцдаг бусад улс орнууд төмөр замын тээврийн үйл ажиллагаанд хяналт зохицуулалтыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий хэрэгжүүлэгч агентлаг буюу Төмөр замын газартай байдаг. Манай улс хөрш орнуудтай ижил түвшний байгууллага байхгүй, тус үүргийг “Улаанбаатар төмөр зам” хувьцаат нийгэмлэг гүйцэтгэсээр ирсэн гэлээ.

Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд төмөр замын тээврийн салбарт өмчийн олон хэлбэр бүхий хуулийн этгээд бий болж хэрэглэгчийн тоо өссөн бөгөөд 2007 онд хууль батлагдаж байх үед суурь бүтэц эзэмшигч, тээвэрлэгч нэг байсан бол өдгөө суурь бүтэц эзэмшигч дөрөв, тээвэрлэгч дөрөв, суурь бүтэц барих, угсрах эрх бүхий 253, дагнасан болон салбар зам, талбай, хөдлөх бүрэлдэхүүний эзэмшигч 250 орчим болж нэмэгдэн, төмөр замаар тээвэрлэсэн ачааны хэмжээ 14.8 сая тонн байсан бол 2024 оны байдлаар 42.5 сая тонн болж 2.8 дахин өсжээ. Энэ салбарт нийт 15 мянга орчим хүн 1,115 км замыг хариуцан ажиллаж байсан бол ойрын үед хэрэгжихээр шийдвэр гарсан төмөр замуудтай нийлээд сүлжээний нийт урт 4,200 км болж 3.7 дахин өссөн байна. Энэ хэрээр ажиллах хүчний тоо 50 мянга болж 3.3 дахин нэмэгдэх тооцоолол гарч байгааг сайд тодотгосон.

Зам тээврийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд байгуулагдах Төмөр замын газар нь өсөн нэмэгдсээр байгаа тээврийн хэрэгцээг хангах, төмөр замын суурь бүтцүүдийн галт тэрэгний хөдөлгөөнийг зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар хангах, суурь бүтцийн үйлчилгээ үзүүлэгч болон тээвэрлэгч хоорондын харилцааг зохицуулах, төмөр замын тээврийн аюулгүй байдлыг хангах, салбарын боловсон хүчнийг мэргэшүүлэх, төмөр замын суурь бүтэц, хөдлөх бүрэлдэхүүний паркийг шинэчлэх, тээврийн сүлжээг өргөжүүлэх, төмөр замын чиглэлийн судалгаа, шинжилгээ, шинжлэх ухаан, технологи, инновацыг нэвтрүүлэх, олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, төмөр замын салбарт мөрдөх дүрэм, журам, стандартыг боловсронгуй болгох, төмөр замын тээврийн үйлчилгээнд оролцогч олон өмчийн хэлбэрийн хуулийн этгээдийн зах зээлийн өрсөлдөөний тэгш байдлыг хангах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэх аж.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Төмөр замын газрыг байгуулахдаа Зам, тээврийн сайдын 2025 оны төсөвт багтаан “Галт тэрэгний хөдөлгөөний зохицуулалтын нэгдсэн төв” улсын үйлдвэрийн газрыг татан буулгаж, Зам, тээврийн яамнаас агентлагийн чиг үүргийг хэрэгжүүлдэг тодорхой тооны орон тоог шилжүүлэх замаар улсын төсөвт дарамт учруулахгүйгээр байгуулахаар төлөвлөсөн байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив.