Уншиж байна ...
Зураг
Зураг

TDB Securities ҮЦК дотоодын хувийн хэвшлийн компаниудаас анхлан Монгол Улсын эдийн засгийн төлөвийн таамаглал гаргалаа

ikon.mn
Өчигдөр 7 цаг 59 минут
Сурталчилгаа
Зураг зураг

- Сайн байна уу Та эхлээд өөрийгөө танилцуулна уу.

- Сайн байна уу. Намайг Г.Сайнбилэг гэдэг, математикч мэргэжилтэй. Одоогоор Ти Ди Би Секьюритис үнэт цаасны компанид шинжээчээр ажиллаж байна.

- Танай компаниас Монгол улсын эдийн засгийн хүлээлт 2025 гаргасан байна?

- Энэ жил манай компаниас Монгол улсын эдийн засгийн голчлох үзүүлэлтүүдийн 2025-2027 оны төсөөллийг гаргаж байгаа. Өмнө нь Дэлхийн Банк, Олон Улсын Валютын Сан, Азийн Хөгжлийн Банк, Монголбанк, Сангийн Яам зэрэг байгууллагуудаас манай улсын эдийн засгийн төсөөллийг хийдэг байсан бол манай компанийн хийсэн төсөөлөл хувийн хэвшлээс анх удаа гаргаж байгаа гэдгээрээ онцлог гэж бодож байна.  Мөн эдийн засгийн төсөөллөөс гадна бид хөрөнгө оруулагчдадаа зориулсан чухал шаардлагатай гэсэн мэдээллүүдийг давхар оруулсан байгаа. Түүнчлэн бид уг тайлангаа Монгол болон Англи хэл дээр хийсэн.

- Энэ судалгааны гол зорилго нь юу вэ?

Монгол Улсын эдийн засаг сүүлийн жилүүдэд эрдэс баялгийн үнийн өсөлтийг даган хурдацтай өсөж байгаа. Үүнийг дагаад гадаад болон дотоодын хөрөнгө оруулагчдын Монгол улсад хөрөнгө оруулах сонирхол тодорхой хэмжээгээр нэмэгдэж байна. Хөрөнгө оруулагчид сонирхсон салбар болон компанийнхаа санхүү, үйл ажиллагааны ерөнхий үзүүлэлтүүдээс гадна тухайн улсынхаа эдийн засгийн болон улс төрийн тогтвортой байдал, өсөлтийн потенциал зэргийг харан тухайн хөрөнгө оруулалт нь үр ашигтай байж чадах эсэхийг шийддэг. Иймд тухайн үзүүлэлтүүдэд нөлөөлөх гол хүчин зүйлүүдийн талаар нарийн тодорхой мэдээллийг тоон шинжилгээнд суурилан гаргасан таамаглалыг хөрөнгө оруулагчдадаа хүргэх зорилготой. Манай улсад энэ талын мэдээлэл ховор ба байсан ч олоход бэрхшээлтэй байдаг.

- Тайланд ямар ямар арга зүй ашигласан бэ? Мөн томоохон хүчин зүйлс юу байсан бэ?

- Монгол улс газрын баялаг ихтэй, хөгжиж буй орнуудын нэг. Олон Улсын Валютын сангаас манайхтай төстэй улсуудын эдийн засгийн төсөөлөл хийхэд зориулсан  DIGNAR(Debt Sustainability, Public Investment and Natural resources in developing countries) буюу өрийн менежмент, нэгдсэн төсвийн зарлагын хэмжээ болон газрын баялаг дээр тулгуурласан моделийг боловсруулсан байдаг. 2020 оноос эхлэн дэлхий дахиныг хамарсан цар тахлын нөлөөг оролцуулах үүднээс энэхүү модельд тохируулга хийн шинэчилж DIGNAR-19 гэх моделийг гаргасан. Бид тайландаа уг моделийг голчлон ашиглаж ажилласан.

Тус моделийг ажиллуулахад газрын баялгийн үйлдвэрлэл, төсвийн зарлагын үр ашигтай байдал, нийгмийн халамжийн ДНБ-д эзлэх хэмжээ зэрэг нийт 14 төрлийн хүчин зүйлсийн төсөөлөл хэрэгтэй байдаг. Эдгээрийг тооцоолохдоо ARIMA болон VAR тооцооллуудыг ашиглан хэд хэдэн сценарийн төсөөллийг гаргаж, хамгийн тохиромжтой хувилбаруудыг сонгож авсан. Дээрх тооцооллыг эдийн засгийн индикаторуудын хөдөлгөөний ерөнхий трендийг шинжлэх зорилгоор өнгөрсөн 10 жилийн буюу 40 улирлын тоон мэдээлэл дээр суурилж хийсэн.

Монгол улсын экспортын 80 орчим хувийг эрдэс бүтээгдэхүүний экспорт эзэлдэг. Ингэхээр улсын гадаадын шууд хөрөнгө оруулалт, гадаад валютын албан нөөц, валютын ханшийн тогтвортой байдал, төсвийн орлого болон түүнийгээ дагаад төсвийн зардал, зардлын үр ашигтай байдал зэрэг нь эрдэс бүтээгдэхүүний ханшнаас ихээхэн хамааралтай байдаг. Иймээс эрдэс баялгийн бүтээгдэхүүний үнэ болон үйлдвэрлэлийн төсөөлөл, экспорт хүлээж авах улсын эрэлт зэрэг нь Монгол улсын эдийн засгийн өсөлтөд шууд нөлөөлдөг. Мөн Монгол улсын хувьд өрийн менежмент, хүүгийн дарамт зэрэг нь улсын төсөвт нөлөөлөх чухал хүчин зүйл болж байдаг учраас энэ талаарх мэдээлэл зайлшгүй шаардлагатай.

- Монгол улсын эдийн засгийн хүлээлт 2025 онд ямар байхаар байгаа вэ?

Бидний гаргасан таамаглалаар 2025 онд нүүрсний үнийн хэлбэлзэл болоод хэмжээ, экспортын хүлээлт, гадаадын шууд хөрөнгө оруулалтын урсгал өсөх магадлал, хөдөө аж ахуйн салбарын сэргэлт зэргээс шалтгаалан өмнөх оны эдийн засгийн өсөлт хадгалагдах буюу 5.2 хувь орчимд байх төлөвтэй байна. Харин эрчим хүчний үнийн өсөлт, дотоодын хэрэглэгчдийн эрэлтийн өсөлт болон шинээр байгуулагдсан засгийн газрын төлөвлөсөн төслүүдийн зардал зэрэг хүчин зүйлүүдээс шалтгаалан инфляц Монголбанкны зорилтот интервалаас бага зэрэг өндөр буюу 8-9 хувьд байна гэж төсөөлж байна. Хэдийгээр Монгол улсын эдийн засагт нөлөөлөгч хүчин зүйлс болон учирч болзошгүй эрсдэлүүдийг тооцоолж, төсөөлөлд тусгасан хэдий ч тус шинжилгээ нь өнгөрсөн хугацааны тоон үзүүлэлтүүд дээр голчлон тулгуурласан учраас ирээдүйд тулгарч болох төсөөлөгдөөгүй үйл явдлаас шалтгаалан өөрчлөлт орох боломжтой ерөнхий таамаглал гэдгийг ойлгох нь чухал.


Тайлан татах холбоос Монгол
Тайлан татах холбоос Англи

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.