Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/07/31-НД НИЙТЛЭГДСЭН

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан багийн нутагт гарсан түймрийг өнөөдөр бүрэн унтраалаа

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 7 сарын 31
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан багийн “Янгаахайн-Эх” гэдэг газар энэ сарын 18-нд гарсан ойн түймрийг өнөөдөр /2025.07.31/ бүрэн унтраасан талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. 

Он гарснаас хойш Сэлэнгийн бүс нутагт хур бороо ороогүй учир тус бүс нутагт хуурайшилт хэт халалт маш өндөр байгаа талаар ОБЕГ-аас мэдээлж байв. Түймрийн бүс нутагт халуун, хуурай, утаатай байдаг нь үүлийг сарниулах гол үндэс болж байдгаас үүдэж борооны үүл орж ирсэн ч сарниж алга болох нөхцөлийг үүсгэж байдаг аж. 

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 10 ойн түймэртэй байгаа юм. Сэлэнгэ аймгийн  гурван сумдад гарсан нийт 7 ойн гал түймрийг хяналтад авч цурамд оруулахаар Онцгой байдлын байгууллагын 308 алба хаагч, 12 автомашин, мэргэжлийн ангийн 133 хүн, 15 автомашин, нийт 441 хүн, 27 автомашин, 8 морьтой үүрэг гүйцэтгэж байгаа юм байна. 

Сэлэнгэ аймгийн Мандал сумаас Ерөө сумын “Гурт уул” гэдэг газар гарсан ойн гал түймрийн голомтод ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн нисдэг тэргээр 14 алба хаагчийг тээвэрлэн хүргэжээ. 

Мөн алба хаагчдыг эрүүл мэндийн үзлэг оношилгоонд тогтмол хамруулж, эмчилгээ, үйлчилгээг ОБЕГ, НОБГ, Үндэсний аврах бригад, 113 дугаар ангийн эмч, мэргэжилтнүүд газар дээр нь үзүүлж байгаа юм байна. 

Он гарсаар өнөөдрийн /2025.07.31/ байдлаар 13 аймгийн 71 сум, нийслэлийн 3 дүүрэгт нийт 209 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 57 хувиар өссөн үзүүлэлт аж.