Өчигдөр буюу Пүрэв гарагт Оросын агаарын цохилтод Украины нийслэл Киев хот өртөх үеэр 16 энгийн иргэн алагдсаны дотор зургаан настай хүү байлаа.
Уг халдлагын улмаас Киев хотын баруун дүүрэгт оршдог есөн давхар орон сууцны барилга нурж, 150 гаруй хүн шархадсан байна.
Үүнээс гадна өчигдөр Оросын арми дорнод Украины стратегийн ач холбогдолтой Часыв Яр сууринг эзэлснээ зарлажээ.
Сүүлийн үед Оросын тал АНУ тэргүүтэй Өрнөдийн холбоотнуудын гал зогсоох шаардлагыг үл хэрэгсэн Украины хотуудад үзүүлэх агаарын довтолгоогоо улам эрчимжүүлээд байгаа.
Хүйтэн дайны үеийн Хельсинкийн Гэрээ байгуулагдсаны 50 жилийн ойн хуралд видео холбоогоор оролцсон Украины ерөнхийлөгч Володимир Зеленский гурван жил, хагас үргэлжилж буй дайныг зогсоохын тулд Оросын эсрэг илүү хүчтэй арга хэмжээ авахыг холбоотнууддаа уриалсан байна.
“Хэрвээ дэлхий нийт Оросын дэглэмийг өөрчлөх зорилго тавихгүй бол дайн дууссан ч Москва хөрш улс орнууддаа тогтворгүй байдал үүсгэхийг оролдсон хэвээр байх болно” гэж тэр хэлжээ.
Лхагва гарагаас Пүрэв гарагт шилжих шөнө Оросын талаас 300 гаруй нисгэгчгүй онгоц, найман далавчит пуужинг Украины хотууд руу харвасны дийлэнх нь Киевийг чиглэсэн юм.
Пуужингуудын нэг нь Киевийн баруун дүүргийн есөн давхар орон сууцны барилгыг оножээ.
Харин Оросын тал уг ажиллагааг Украины агаарын бааз, зэвсгийн агуулах, дрон үйлдвэрлэлийн байгууламжуудад чиглэсэн гэж мэдээлсэн юм.
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп хэдхэн өдрийн өмнө Оросын талд дайнаа зогсоох 10 хоногийн хугацаа өгч, биелүүлээгүй тохиолдолд эдийн засгийн хатуу хориг арга хэмжээ авахаа анхааруулсан.
Өчигдрийн агаарын цохилтын дараа тэр “Оросын хийж байгаа зүйлийг жигшүүртэй гэж би бодож байна. Бид удахгүй хориг арга хэмжээ авах болно. Уг хориг арга хэмжээ түүнд (Путинд) асуудал үүсгэх эсэхийг би хэлж мэдэхгүй байна” гэж сэтгүүлчидтэй уулзахдаа хэлжээ.
Өчигдөр бас Оросын арми дорнод фронт дээр Донецк мужийн Часыв Яр сууринг эзэлснээ зарласан бол Зеленский үүнийг “худал мэдээлэл” гэж няцаагаад Украины цэргүүд байрлалаа хамгаалсан хэвээр байгааг баталсан байна.
Дайнаас өмнө 12,000 орчим оршин суугчтай байсан Часыв Яр одоо сүйрч, эзгүйрсэн байгаа. Хэрвээ энэ сууринг Оросын тал эзэлбэл Донецкийн үлдсэн хот тосгодод хүрэхэд илүү хялбар болно.
2022 оны хоёрдугаар сард эхэлсэн дайны турш Москвагийн эрх баригчид Украины аж үйлдвэрийн чухал бүс нутаг Донецкийг бүрэн эзлэхийг чармайж байгаа юм.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!