АНУ-ын Охайо мужид 30 гаруй жилийн өмнө хөлдөөсөн үр хөврөлөөс хүүхэд төрүүлж, дэлхийн дээд амжилтыг шинэчилсэн тухай өчигдөр хэвлэлүүд мэдээлжээ.
35 настай Линдси, 34 настай Тим Пирс нар өнгөрсөн Бямба гарагт Таддеуш Даниэл Пирс нэртэй хүүгээ өлгийдөн авсан байна.
Хатагтай Пирс энэ төрөлтөө “шинжлэх ухааны уран зөгнөлт кино шиг” хэмээн тодорхойлжээ.
Үүнийг үр хөврөлийг хөлдөөж хадгалсны дараа хамгийн урт хугацааны дараа амжилттай хүүхэд төрүүлсэн тохиолдол гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Өмнөх дээд амжилт нь 1992 онд хөлдөөсөн үр хөврөлөөс 2022 онд хоёр ихэр хүүхэд төрүүлсэн тохиолдол байжээ.
Долоон жилийн турш хүүхэдтэй болох гээд чадаагүй Пирсийн гэр бүл одоо 62 настай Линда Арчердын IVF аргаар нөхөртэйгөө 1994 онд бүтээсэн үр хөврөлийг үрчилж авахаар шийдсэн юм байна.
Тухайн үед хатагтай Арчерд дөрвөн үр хөврөл бүтээж байжээ.
Тэдний нэг нь одоо 30 настай түүний охин бол үлдсэн гурвыг хадгалуулж байжээ.
Нөхрөөсөө салсны дараа Арчерд хадгалуулсан үр хөврөлүүдээсээ татгалзах, судалгаа шинжилгээнд ашиглуулах, бусдад нэрээ нууцлан өгөхийг хүсээгүй гэнэ. Харин нэр усаа ил тод зарлаж, бусад гэр бүлүүдэд үрчлүүлэхээр шийдсэн байна.
Олон жил хайсны эцэст тэр ийм үйл ажиллагаа явуулдаг “Nightlight Christian Adoptions” зуучлах байгууллагыг олжээ.
Тус байгууллага үр хөврөлийн эцэг эхчүүдэд үрчлүүлэх гэр бүлийн шашин шүтлэг, арьс өнгө, угсаа гарлыг сонгох боломж олгодог юм байна.
Хатагтай Арчердын сонголт АНУ-д амьдардаг, цагаан арьстан, загалмайн шашинтан хосууд байжээ.
Ингээд тэр Пирсийн гэр бүлийг олсон юм байна.
Пирсийнхэн ямар нэг дээд амжилт тогтоох зорилгогүй, зөвхөн хүүхэдтэй болохыг хүсэж байснаа хэвлэлд ярьжээ.
Арчерд одоогоор төрсөн хүүхдийг хараагүй ч охинтой нь адилхан царай төрхтэй гэдэгт эргэлзэхгүй байгаагаа ярьсан байна.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!