Ерөнхийлөгч Трампын өгсөн яриа хэлэлцээний хугацаа дуусахаас хоёрхон өдрийн өмнө АНУ, Өмнөд Солонгосын талууд хоорондын худалдааны нөхцөлөө шинэчлэх тохиролцоонд хүрчээ.
Тухайлбал АНУ-ын засаг захиргаа Өмнөд Солонгосын бараа бүтээгдэхүүнд ногдуулахаар төлөвлөсөн 25 хувийн импортын татвараа 15 хувь болгон бууруулахаар болсон бол Өмнөд Солонгос хариуд нь АНУ-д $350 тэрбумын хөрөнгө оруулах амлалт авсан байна.
Ийнхүү Өмнөд Солонгос улс бараа бүтээгдэхүүнээ АНУ-ын зах зээлд экспортлоход Япон, Европын орнуудын нэгэн адил 15 хувийн татвартай болж байгаа юм.
Гэрээгээр Өмнөд Солонгосын автомашинууд АНУ-д 15 хувийн импортын татвартай нийлүүлэгдэхээр болжээ. Хариуд нь тус улс АНУ-аас $100 тэрбумын дүнтэй шингэрүүлсэн хий зэрэг бусад эрчим хүчний бүтээгдэхүүн авахаар болсон байна.
Лхагва гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, Өмнөд Солонгосын засгийн газрын төлөөлөгч нар Цагаан ордонд уулзах үеэр уг гэрээг баталжээ.
Трамп сошиал хуудсандаа “АНУ-ын засаг захиргаа БНСУ-тай Бүрэн Худалдааны гэрээ байгуулахаар тохиролцсоныг дуулгахад таатай байна. Энэ гэрээгээр Өмнөд Солонгосын тал миний сонгосон АНУ-ын эзэмшилтэй салбаруудад $350 тэрбумын хөрөнгө оруулах юм” гэж бичсэн байна.
Өмнө нь Япон улс $550 тэрбум, Европын Холбоо $600 тэрбумын хөрөнгө оруулалтын амлалтаар АНУ-тай худалдааны гэрээгээ шинэчлэн байгуулсан юм.
Трамп бас ойрын хоёр долоо хоногийн дотор Цагаан ордонд Өмнөд Солонгосын ерөнхийлөгч И Жэ Мюнтэй уулзахаар болсныг мэдээлжээ.
Трампын мэдэгдлийн дараа ерөнхийлөгч И Жэ Мюн мөн худалдааны гэрээ байгуулахаар болсныг зарласан байна.
Өмнөд Солонгосын $350 тэрбумын хөрөнгө оруулалтын $150 тэрбум нь АНУ-ын хөлөг онгоц үйлдвэрлэлийн салбарт зориулагдахыг тэр мэдээлжээ.
Сөүлийн эрх баригчид Америкийн хөлөг онгоц үйлдвэрлэлийн салбарыг дахин хүчирхэгжүүлэхэд туслах “MAGSA” (Make American Shipbuilding Great Again) гэх санаачилга дэвшүүлээд байсан юм.
Үлдсэн $200 тэрбум нь хагас дамжуулагч, батарей, био технологи, эрчим хүч зэрэг бусад стратегийн салбаруудад зориулагдахаар болжээ.
Гэхдээ хоёр улс АНУ-ын өмнө нь ногдуулсан хөнгөн цагаан, гангийн импортын 50 хувийн татварыг хэвээр үлдээхээр тохиролцсон байна.
Трампын засаг захиргаа металлын татвараа Япон, Европын Холбоотой байгуулсан гэрээндээ бас бууруулаагүй юм.
Эх сурвалж: Yonhap News
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!