Боловсролын сайд, Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын хамтарсан тушаалаар "Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчийн дүрэмт хувцасны иж бүрдэлд поло загварын цамц нэмж оруулах талаар судалгаа хийх, MNS 6814:2019 "Сурагчийн дүрэмт хувцас, Техникийн шаардлага" стандартад өөрчлөлт оруулах талаар санал боловсруулах" чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан юм.
Уг ажлын хэсэг дүрэмт хувцасны өнөөгийн стандарт, чанар, хүртээмж нь хэрэглэгчдийн хүлээлт, сэтгэл ханамжтай нийцэхгүй, өөрчлөлт шинэчлэл хийх хэрэгцээ шаардлага байгаад үндэслэн хүүхэд бүрийн эрүүл мэнд, тав тух, өөртөө итгэх итгэл, суралцах таатай орчныг дэмжсэн, дүрэмт хувцасны нөхцөл байдлын судалгааг хийж, стандартад өөрчлөлт оруулах саналын төслийг боловсруулж танилцууллаа.
Мөн сурагчид дүрэмт хувцас сонгохдоо өөрийн биед тохирсон, тав тухтай хувцсыг сонгох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Иймд “поло цамц”-ыг дүрэмт хувцасны шинэчилсэн стандартад албан ёсоор тусгах шаардлагатай гэсэн санал судалгаанаас тодорхой харагджээ.
Ажлыг хэсгийн тайланд үндэслэн MNS 6814:2019 "Сурагчийн дүрэмт хувцас, Техникийн шаардлага" стандартад оруулах нэмэлт, өөрчлөлтийн саналын төслийг Стандарт, Хэмжил Зүйн Газар(СХЗГ)-т хүргүүлэхээр боллоо гэж Боловсролын Яамнаас мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!