44 настай Америкийн поп од Жастин Тимберлэйк өчигдөр Лаймын өвчтэй болсноо зарлажээ.
Өөрийг нь “шоконд оруулсан” өвчний оношоо тэр Инстаграм хуудасны дагагчидтайгаа хуваалцсан байна.
Лаймын өвчин бол хачгаас хүнд дамждаг бактерийн халдварт өвчин юм.
Ийм өвчнөөр өмнө нь цөөн хүн оношлогдож, эмчлэгдэж байсан бол ядрах, эрч хүчээ алдах зэрэг шинж тэмдгүүд нь эдгэрсний дараа ч олон жил үргэлжилдэг юм байна.
Саяхан өндөрлөсөн аялан тоглолтынхоо өмнө Тимберлэйк өвчний оноштойгоо танилцаж байжээ.
Гэхдээ тэр төлөвлөгөөнийхөө дагуу аялан тоглолтоо үргэлжлүүлэхээр шийдсэн юм байна.
“Та бүхний мэдэж байгаачлан би бол нэлээд хаалттай хүн. Гэхдээ аялан тоглолттойгоо холбоотойгоор надад юу тохиолдсоныг би та бүхэнтэй хуваалцмаар байна. Аялан тоглолтын турш би олон зүйлтэй тэмцэж байсны нэг нь Лаймын өвчин. Би энэ талаар өмнө нь ил яриагүй болохоор та бүхнийг гомдоох зүйлс хийсэн байж болзошгүй. Хэрвээ та энэ өвчнөөр өвдөж байсан, эсвэл өвдсөн хэн нэгнийг мэддэг бол бие махбод болон сэтгэл санааг ямар их туйлдуулдаг болохыг мэдэж байгаа” гэж Тимберлэйк мэдэгджээ.
АНУ-ын Өвчний Хяналт, Урьдчилан Сэргийлэх Төвийн мэдээлснээр халдварын эхний шатанд уг өвчнийг антибиотик хэрэглэн богино хугацаанд бүрэн эдгээх боломжтой гэнэ.
Хожуу шатанд оношлогдсон өвчтөнүүдийн ихэнх нь мөн антибиотикоор эмчлэгддэг ч заримынх нь мэдрэлийн систем, үе мөчинд үүссэн гэмтэл урт хугацаанд үргэлжилдэг юм байна.
Өмнө нь Жастин Бибер, Шаниа Твэйн, Аврил Лавин зэрэг хөгжмийн урлагийн алдартнууд бас Лаймын өвчин тусаж байжээ.
Жастин Тимберлэйкийн аялан тоглолт 2024 оны дөрөвдүгээр сард эхэлж, өнгөрсөн Лхагва гарагт Турк улсад өндөрлөсөн юм.
“Өөрийн оюун санааны тэсвэр тэвчээрийг мэдэрснээс гадна та бүхэнтэй маш олон онцгой сайхан мөчүүдийг хуваалцсандаа би баяртай байна” гэж хэлсэн Тимберлэйк үл ойлголцол үүсгэхгүйн тулд цаашдаа өвчнийхөө явцын талаар аль болох нээлттэй байхаа амласан байна.
Өнгөрсөн аялан тоглолтынхоо үеэр тэр тайзан дээр гаргасан зарим үйлдэл, ааш авирынхаа улмаас хүмүүст шүүмжлүүлж байсан юм.
Сүүлийн хэдэн жилийн хугацаанд Тимберлэйкийн амьдрал нэлээд ээдрээтэй байсан.
2024 оны есдүгээр сард тэр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодож, замын хөдөлгөөнд оролцсон гэм буруугаа шүүхийн өмнө хүлээж байв.
Дуучин Бритни Спирсийн дурсамж хэвлэгдэхэд Тимберлэйк экс найз бүсгүйтэйгээ хэрхэн зохисгүй харилцдаг байсан талаар баримт дэлгэгдэж байлаа.
NSYNC хөвгүүдийн хамтлагийн гишүүн асан Тимберлэйк ганцаарчилсан уран бүтээлээ туурвиж эхэлснээс хойш Грэмийн 10 шагнал хүртэж, бүх цаг үеийн хамгийн өндөр борлуулалттай цомгийн эздийн нэг болсон юм.
Тэр сүүлд жүжигчин Жессика Билтэй гэрлэж байв.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!