Археологичид орчин үеийн технологийн тусламжтайгаар Төмөр Зэвсгийн үед амьдарч байсан эмэгтэйн цогцсоос шивээснийх нь дүрсийг сэргээж чаджээ.
Хоёр мянга гаруй жилийн өмнө амьдарч байсан Пазырыкийн соёлд хамаарах энэ эмэгтэйн цогцос Алтайн уулсын мөнх цэвдэгт оршуулагдсан тул сайн хадгалагдаж үлдсэн юм.
Эмэгтэйн шивээсний дүрсийг орчин үеийн технологиор сэргээн босгож чадсанаа судлаачид өчигдөр “Antiquity” сэтгүүлд нийтлүүлжээ.
Маш нарийн хийцтэй эдгээр шивээснүүд олон жилийн турш археологичдын сонирхлыг татаж байсан ч бүрэн дэлгэж харах технологийн боломж байгаагүйг судалгааг ахалсан Германы Макс Планкийн нэрэмжит Геоантрологийн хүрээлэн, Берний Их сургуулийн археологич Гино Каспари тайлбарласан байна.
Харин энэ удаа хэт улаан туяаны өндөр нягтаршилтай гурван хэмжээст техникийн тусламжтайгаар шивээсний дүрсийг сэргээж чаджээ.
Ингэхдээ ямар багаж хэрэгслээр ийм шивээс бүтээснийг тогтоохын тулд орчин үеийн шивээсний мастеруудтай хамтран ажилласан байна.
Эмэгтэйн хоёр гарын шуу аль аль нь шивээстэй байсан ч баруун гарынх нь зүүн гарынхаасаа илүү нарийн хийцтэй байсныг тогтоожээ.
Баруун гарын шууны шивээсийг илүү нарийн арга техник хэрэглэж, хамгийн цөөндөө хоёр үе шаттай хийсэн байх гэж дүгнэсэн байна.
Ийм нарийн дүрслэл бүтээхэд орчин үеийн шивээсчдээс ч онцгой ур чадвар шаарддаг гэнэ.
Тиймээс эмэгтэйн шивээсийг хоёр өөр урлагч, эсвэл нэг урлагч сурч боловсрох янз бүрийн үе шатандаа бүтээсэн байж магадгүй гэж дүгнэжээ.
“Шивээс бол зөвхөн чимэглэл төдий зүйл биш. Техникийн ур чадвар, гоо зүйн мэдрэмж, тусгай сургалт дадлага шаардсан урлаг юм. Үүнийг бүтээсэн хүмүүсийн ажлын арга барил, оносон, алдсан бүхэн бидэнд илүү тод мэдрэгдэх шиг санагдаж байна” гэж Каспари ярьсан байна.
Эх сурвалж: CNN
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!