Уншиж байна ...
Зураг
Зураг

Украины эрх баригчид ОХУ-ын Курск мужийн нутагт шинэ сөрөг давшилт эхлүүлснээ анх удаа мэдээлжээ

Т.Давааням, ikon.mn
Өчигдөр 8 цаг 38 минут
iKon.MN
Зураг зураг

Ням гарагийн өглөө ОХУ-ын Курск мужийн нутагт Украины зэвсэгт хүчин шинэ сөрөг давшилт эхлүүлснийг Оросын эх сурвалжууд мэдээлж байв.

Тэгвэл үүнээс хоёр хоногийн дараа Украины эрх баригчид уг мэдээлэл үнэн болохыг баталжээ.

Украины цэргүүд өнгөрсөн оны наймдугаар сарын эхээр хил залгаа Курск мужийн нутагт цөмрөн орсон нь гэнэтийн үйл явдал байлаа.

Хэдийгээр эхний шатанд эзэлж авсан газар нутгийнхаа зарим хэсгийг буцааж алдсан ч Украины арми энд таван сарын турш хяналтаа алдаагүй байна.

Цэргийн хүч нь Курск мужийн Белая тосгоны ойролцоох Оросын цэргийн удирдлагын төвийг устгасан тухай Украины зэвсэгт хүчний жанжин штаб өчигдөр мэдээлжээ.

Энэ нь Украины хуурай замын цэргийн хүчний Курск мужийн нутагт саяхан эхлүүлсэн шинэ сөрөг давшилтын нэг хэсэг байсныг бас тайлбарласан байна.

Гэхдээ онлайнд нийтэлсэн мэдэгдлийнхээ “сөрөг давшилт” гэсэн үгийг сүүлд “байлдааны ажиллагаа” болгон зассан юм.

Харин ОХУ-ын батлан хамгаалах яам цэргүүд нь Курскийн фронтын зургаан хэсэгт Украины сөрөг давшилтыг амжилттай няцаасныг мэдээлжээ.

Оросын зэвсэгт хүчин сүүлийн таван сарын турш Курск мужийн нутаг дэвсгэрээс Украины цэргүүдийг хөөн гаргахаар тулалдаж байгаа. Үүндээ Умард Солонгосын цэргүүдийг ч ашиглаж байгаа гэсэн мэдээлэл бий.

Умард Солонгосоос 11,000 орчим цэрэг Курск мужид ирсний хамгийн багадаа нэг мянга гаруй нь тулаанд алагдсан гэж АНУ-ын албаныхан Даваа гарагт мэдээлсэн байна.

Өчигдөр Украины тусгай хүчнийхэн Умард Солонгосын 13 цэргийг устгаснаа мэдээлж, тэдгээрийн цогцос болон бичиг баримтыг зургийг Телеграм сувагтаа нийтэлжээ.

 

Эх сурвалж: Reuters