Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Зайсангийн хуучин гүүрний хөдөлгөөнийг 2025 оны нэгдүгээр сарын 10-наас бүрэн хааж, нураахаар болоод буй. Гүүрийг шинэчлэх бүтээн байгуулалтын ажил долоодугаар сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ.
Уг гүүрний өргөтгөл, шинэчлэлийн ажилд нийслэлийн төсвөөс 15.8 тэрбум төгрөгийг зарцуулахаар баталсан байна.
Зайсангийн төмөрбетон гүүрний өргөтгөл шинэчлэлийн ажил 2022-2026 онд үргэлжлэх бөгөөд нийт төсөвт өртөг 41.1 тэрбум төгрөг. Үүнээс баруун гүүр буюу шинэ гүүрийг 2023 оны есдүгээр сард ашиглалтад оруулсан билээ.
Харин хуучин гүүрийг шинэчлэх болсон шалтгааныг "1968 онд буюу одоогоос 56 жилийн өмнө ашиглалтад оруулснаас хойш засвар, шинэчлэлт огт хийгээгүй. 2012 онд стандартаар ашиглалтын түвшин D үнэлгээнээс бага, хэзээ ч нурж магадгүй гэсэн дүгнэлт гарсан. Тиймээс Зайсангийн хуучин гүүрийг буулгаж, шинээр барихаас өөр аргагүй болсон" гэж Нийслэлийн Замын Хөгжлийн Газраас тайлбарлаж байна.
Ташрамд дурдахад нийслэлийн төсөвт энэ онд 3 их наяд 856.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр баталсан бөгөөд үүний дийлэнх буюу 85.9% болох 3 их наяд 314.4 тэрбум төгрөгийг татварын орлогоор бүрдүүлнэ гэж тооцоолжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!