Улаанбаатар хотод өнгөрсөн шөнө орсон цасыг цэвэрлэх ажил үргэлжилж байгааг мэдээллээ.
Налайх дүүргийн хэмжээнд өнөөдөр өглөөний 09:00 цагийн байдлаар 20 хүний бүрэлдэхүүнтэй 3 тусгай техник, 3 гар төхөөрөмж ашиглан нийт 280,000 ам.метр зам талбайн цасыг цэвэрлэн ажиллаж байна. Халтиргаа гулгаа ихээр үүсдэг 10 байршлын уулзваруудад 1.5 тонн бодис асгажээ. Одоогийн байдлаар халтиргаа үүссэн дуудлага мэдээлэлгүй зорчих хэсэг хэвийн байна.
Нийт 2 тонн давс, 21.5 тонн бодис, 48 метр.куб хайрга, элсний үлдэгдэлтэй цэвэрлэгээ үргэлжилж байна.
Баянгол дүүрэгт зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээ хариуцсан 8 байгууллагын 190 зам талбайн үйлчлэгч, 14 инженер техникийн ажилтан, 21 жолооч, 8 ачигч нийт 233 хүний бүрэлдэхүүнтэй, 21 машин, механизм, 28 гар бичил төхөөрөмжтэй нийтийн эзэмшлийн 66 км зам талбайн цасыг цэвэрлэж байна.
Авто замын халтиргаа гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлж 6 тонн давс, 3 тонн цас мөс хайлуулах зориулалттай бодис цацаж, дүүргийн хэмжээнд 545.9 тонн давс, 470.5 тонн бодис, 151 метр.куб дайргын нөөц үлджээ.
Чингэлтэй дүүргийн хэмжээнд авто замд халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж давс, бодис цацан, цас цэвэрлэгээг үргэлжлүүлж байна. Замын хөдөлгөөний ачаалал буурах үед хайлсан цасыг хусаж цэвэрлэнэ. Мөн явган замын цас цэвэрлэгээг хийж, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.
Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт авто зам дээр халтиргаа гулгаа үүсээгүй хэвийн байна. Авто замын цэвэрлэгээг өглөөний 05:00 цагт эхлүүлсэн бөгөөд нийт 219 ажилчин 23 техниктэй ажиллаж байна. Явган замын цэвэрлэгээ болон яндангийн уснаас үүссэн мөстөлт арилгах ажлууд хийгдэж байна. Авто замд 2.2 тонн бодис зарцуулж, 1,399 тонн давс, 618.8 тонн бодисын үлдэгдэлтэй байна.
Сүхбаатар дүүргийн хэмжээнд зам талбайн 124 үйлчлэгч 6 техник хэрэгсэлтэйгээр 09:00 цагийн байдлаар 440,000мкв талбайн цас, мөс, хогийг цэвэрлэжээ. 13тн давс, 8тн бодис цацаж өнөөдрийн байдлаар 373тн давс, 383тн бодис, 10м3 дайргын үлдэгдэлтэй байна.
Баянзүрх дүүрэгт нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ хариуцсан 6 байгууллага 17 техник хэрэгсэлтэйгээр нийт 256 хүний бүрэлдэхүүнтэй явган хүний замын цасыг цэвэрлэж, халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж авто замын өгсүүр, уруу, тойргуудад давс, бодис цацан ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар дүүргийн хэмжээнд 1,029 тонн давс, 1081 тонн бодис, 998 метр.куб дайргын нөөцтэй байна.
Цаг уурын байгууллагаас мэдээлснээр өнөөдөр нийслэл хотод цас орно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!