Хариуцагч Засаг дарга нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасны дагуу дуудлага худалдааг зохион байгуулж гуравдагч этгээдэд газрыг эзэмшүүлэхдээ дуудлага худалдааны зарыг өөрийн тамгын газрын фэйсбүүк хаяг болон мэдээллийн самбарт байршуулсан байна.
Улмаар тухайн дуудлага худалдаанд оролцож чадаагүй нэхэмжлэгчийн зүгээс Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журмын 7.1.3-т заасан газрын биржийн цахим системээр дуудлага худалдааны зарыг мэдээлээгүй, дуудлага худалдааны зарыг зохих журмын дагуу мэдээлдэг байснаа мэдээлэхгүйгээр дуудлага худалдааг зохион байгуулсан, фэйсбүүк хаягт байршуулсан гэх дуудлага худалдааны зар нь хожим өөрчлөгдсөн зар гэдэг үндэслэлээр миний дуудлага худалдаанд оролцох эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж маргасан.
Анхан болон давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгч нь дуудлага худалдааг илт хууль бус болохыг тогтоолгох үндэслэлээ тайлбарлаагүй, гуравдагч этгээдийн хууль ёсны итгэл хамгаалагдах учиртай, нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн зэргээр дүгнэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхийн шийдэл:
1. Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журмын 7.1.1-т “олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр” гэж, 7.1.2-т “аймаг, нийслэл, дүүргийн газрын алба, чөлөөт бүсийн захирагчийн албаны болон сумын нутгийн захиргааны байгууллагын цахим хуудсаар” гэж, 7.1.3-т “Газрын биржийн цахим системээр” гэж тус тус заасны дагуу дуудлага худалдааны зарыг зэрэгцээ 3 хэлбэрээр нийтэд мэдээлэх шаардлагатай.
2. Хариуцагч засаг дарга нь дуудлага худалдааны зарыг газрын биржийн цахим системээр мэдээлэх журмыг зөрчиж, улмаар дуудлага худалдаанд зайлшгүй баримтлах нээлттэй ил тод байх, тэгш шударга оролцоог хангах зарчимд нийцээгүй нэг үгээр хэлбэл хэлбэрийн төдий дуудлага худалдаа зохион байгуулсныг Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасан дуудлага худалдаа гэж үзэхгүй тул гуравдагч этгээдэд газрыг эзэмшүүлсэн нь илт хууль бус захиргааны акт болно.
3.Нэхэмжлэгч нэгэнт дуудлага худалдааны талаар мэдэгдээгүй гэж маргаж буй тохиолдолд анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн гэх үндэслэлээр холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан нь буруу. Учир нь энэ тохиолдолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасан “...шийдвэрийг мэдэгдсэнээс хойш...” гэх нөхцөлийг тогтоох боломжгүй бөгөөд нэхэмжлэл гаргах эрхийг зүй бусаар хязгаарлахаар байгааг анхаарах нь зүйтэй.
Тойм бэлтгэсэн: Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Цогт
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!