Уншиж байна ...

Мета компанийн Удирдах зөвлөлд Дана Уайт багтлаа

Э.Тэмүүлэн, iKon.mn
Өчигдөр 10 цаг 25 минут
IKON.MN
Зураг зураг

Фэйсбүүк, Инстаграм платформын эзэмшигч Мета компанийн захирал Марк Закербэрг өнөөдөр тус компанийн Удирдах зөвлөлд Дана Уайт, Жон Элкан, Чарли Сонгхарст нарын бизнесмэнүүд нэмэгдсэнийг зарлалаа. 

Холимог тулааны хамгийн том холбоо болох UFC-г үндэслэгч Дана Уайт Мета компанийн Удирдах зөвлөлд орсноор 50,000 ам.долларын урамшуулал авах аж.

Д.Уайт болон М.Закербэрг хоёрын харилцаа удаан хугацаанд үргэлжилж буй. М.Закербэрг өмнө нь UFC-гийн хэд хэдэн гол тулааныг хүндэт зочноор сонирхож байсан төдийгүй тамирчидтай хамт бэлтгэл хийж байв.

Түүнчлэн UFC-гийн чансааны системийг сайжруулахын тулд Метагийн алгоритмуудыг ашиглах талаар ярилцаж байгаагаа 2023 онд TNT Sport сувагт өгсөн ярилцлагадаа Д.Уайт онцолсон удаатай.

Д.Уайт мөн АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Дональд Трампын идэвхтэй дэмжигч нарын нэг. Д.Трамп Ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа Нью-Йорк хотод болсон UFC 309 тулааныг үзсэн билээ.

Мета компанийн Удирдах зөвлөлд багтсан Жон Элкан нь "Exor"-ын гүйцэтгэх захирал бол Чарли Сонгхарст Майкрософт компанийн стратегийн даргаар ажиллаж байсан юм.

Тус компанийн Удирдах зөвлөл 2019 онд 11 гишүүнтэй байсан бол өдгөө 13 хүний бүрэлдэхүүнтэй болжээ.

UFC холбооны ESPN-тэй байгуулсан 1.5 тэрбум ам.долларын телевизийн шууд дамжуулалтын гэрээ 2025 онд дуусна. Үүний дараа Амазон, Нетфликс зэрэг томоохон компаниудтай хамтрах боломжтой болох юм. Харин Мета компанийн хувьд спортын шууд дамжуулалтын бизнест хүч сорихоос зайлсхийдэг юм. 

 

Эх сурвалж: Spotico