Уншиж байна ...

Дональд Трамп худалдаж авах санал гаргасны дараа ууган хүү нь Гринланд аралд зочлохоор болжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
Өчигдөр 11 цаг 20 минут
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялагч Дональд Трамп хэдхэн хоногийн өмнө дэлхийн хамгийн том арал Гринландыг одоогийн эзэмшигч Дани улсаас худалдаж авах санаа гаргаж байв.

Тэрбээр 2019 онд анх энэ санааг бас цухуйлгаж байсан юм.

Аль аль тохиолдолд нь Дани улсын засгийн газар түүнийг санааг эрс няцааж байжээ.

Тэгвэл Трампын ууган хүү Дональд Трамп Жуниор өнөөдөр буюу Мягмар гарагт Гринланд аралд зочлохоор болсон байна.

Тэрбээр тус аралд нэг өдрийг өнгөрөөгөөд буцахдаа подкаст нэвтрүүлэгт зориулсан видео бичлэг хийх бөгөөд ямар ч албаны хүнтэй уулзахгүйг холбогдох эх сурвалж мэдээлжээ.

Данийн гадаад хэргийн яамны эх сурвалж залуу Трамп хувийн зорилгоор Гринландад зочлох бөгөөд энэ үеэр арлын засаг захиргааны төлөөлөгчидтэй уулзахгүйг баталсан байна.

Гринланд арал нь Дани улсын бүрэлдэхүүнд өөртөө засах эрхтэй оршдог.

Трамп Жуниорын хувьд эцгийнхээ засаг захиргааны нөлөө бүхий хүн болж, шинэ албан тушаалтнуудын томилгоонд голлон нөлөөлж буй гэсэн мэдээлэл бий.

Гэхдээ тэр Цагаан ордонд ямар нэг албан тушаал хашихгүй, зөвхөн гадна талд нь зөвлөх үүрэгтэй ажиллахаа илэрхийлж байжээ.

Трампын ойрын холбоотон болоод буй тэрбумтан Илон Маск өчигдөр “Гринландын ард түмэн ирээдүйгээ сонгох эрхтэй, миний бодлоор тэд Америкийн нэг хэсэг болохдоо дуртай байгаа” гэж Х хуудсандаа бичсэн байна.

Дани улсын колони байсан Гринланд арал 1979 онд өөртөө засах эрх олж авч байжээ.

Тус арал Умард туйл болон Атлантын далайн дунд оршдог бөгөөд газар нутгийн 80 хувь нь мөсөөр хучигдсан юм.

Одоо Гринланд аралд АНУ-ын цэргийн томоохон бааз байрладаг.

Данийн үндсэн хуулийн дагуу арлын оршин суугчид бүх нийтийн санал асуулгаар тусгаар тогтнолоо зарлах эсэхийг шийдэх эрхтэй.

Гэхдээ ядуу дорой эдийн засагтай Гринландын 57,000 орчим оршин суугч Даниас жил бүр төсвийн хуваарилалт авдаг тул салахад бэлэн биш байгаа юм.

 

Эх сурвалж: Associated Press