Уншиж байна ...

Францын ерөнхийлөгч асан Ливийн дарангуйлагч агснаас сонгуулийн санхүүжилт авсан гэх хэргийн шүүх хурал эхэлжээ

Т.Давааням, ikon.mn
Өчигдөр 10 цаг 50 минут
iKon.MN
Зураг зураг

Францын ерөнхийлөгч асан Николас Саркози 2007 оны сонгуульд оролцохдоо тухайн үеийн Ливийн дарангуйлагч Муаммар Каддафигаас олон сая еврогийн тусламж авсан байж болзошгүй гэх хэргийн шүүх хурал өчигдөр Парис хотод эхэлжээ.

Үүнийхээ хариуд Саркози өрнөдийн орнуудад нэр хүндээ өсгөхөд нь туслахаар Каддафитай тохиролцсон гэж прокурорууд үзэж байна.

Одоо 69 настай Саркози 2007-2012 онд Франц улсын ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байжээ.

Тэрбээр буруугаа огт хүлээдэггүй бөгөөд үүнийг улс төрийн өрсөлдөгчдийнх нь худал гүтгэлэг гэж үздэг.

2013 онд Каддафи агсны хүү Саиф аль Ислам анх Саркози ааваас нь сонгуулийн кампанит ажлаа санхүүжүүлэх зорилгоор олон сая евро авсныг мэдэгдсэнээр уг хэрэг сөхөгдөж байжээ.

Үүнээс хойш нэг жилийн дараа Франц улсыг Ойрх Дорнодын орнуудтай зуучлах ажлыг олон жил гүйцэтгэсэн Ливаны бизнесмэн Зиад Такиеддин экс ерөнхийлөгч Ливиэс санхүүжилт авсныг батлах бичиг өөрт нь байгааг зарлаж, Саркози ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа ч нийт 50 сая еврогийн санхүүжилт тасраагүй үргэлжилж байсныг гэрчилсэн юм.

Саркозитай хамт энэ хэрэгт холбоотой өөр 12 хүн шүүгдэж байна.

Өнгөрсөн онд Саркозигийн гэргий, Италид төрсөн супер модель, дуучин Карла Бруни-Саркози дээрх хэрэгтэй холбоотой баримтыг нуун дарагдуулсан хэргээр яллагдсан юм.

2012 онд Францын ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөөд ялагдсанаасаа хойш Саркози хэд хэдэн хэргээр тасралтгүй шалгагдаж байгаа.

Тухайлбал тэр 2024 оны хоёрдугаар сард 2012 оны сонгуулийн зардлаа хэтрүүлснээ нуусан, үүндээ пиарын компани хөлсөлсөн хэргээр нэг жилийн хорих ял сонсож байжээ.

2021 онд Саркози бас шүүгчийг хахуулдах гэж оролдсон хэрэгт яллагдсан бөгөөд өнгөрсөн оны арванхоёрдугаар сард шийдвэрийг давж заалдаад ялагдсан юм.

Ингэснээр тэр шоронд хоригдохын оронд цахим гав зүүж, гэртээ хоригдохоор болсон байна.

Өчигдөр шүүх хуралд ирэхдээ Саркози гавгүй байсан юм. Гэхдээ энэ нь түүний ял үйлчилж эхлээгүй байгаатай холбоотой гэнэ.

Ливийн хэлхээ холбоо гэгдэж буй хэргийн шүүх хурал гурван сар үргэлжлэх тул Саркози цаашдаа цахим гавтай оролцох нь тодорхой байна.

Энэ удаагийн түүний шүүх хурал дөрөвдүгээр сарын 10 хүртэл үргэлжлэх юм. Хэрвээ буруутай нь тогтоогдвол Саркози 10 хүртэл жил хоригдох ял сонсоно.

 

Эх сурвалж: BBC