Өнгөрсөн сарын 25-ны өдөр Азербайжаны иргэний агаарын тээврийн нисэх онгоц Оросын агаарын довтолгооноос хамгаалах зэвсгийн цохилтод өртсөний улмаас осолдсон нь тодорхой болоод байгаа.
Энэ ослын үеэр онгоцонд явсан нийт 67 хүний 38 нь амиа алдсан юм.
Азербайжаны ерөнхийлөгч Илхам Алиев онгоцных нь осолд Орос улс буруутай тул уучлал гуйж, нөхөн төлбөр төлөх ёстой гэсэн байр суурь өмнө нь илэрхийлж байв.
Тэгвэл тэр өчигдөр энэ байр сууриа дахин илэрхийлжээ.
Осол гарсан өдөр Украины нисгэгчгүй онгоцны халдлагыг эсэргүүцэхийн тулд Ар Кавказын бүс нутаг дахь агаарын довтолгооноос хамгаалах систем нь идэвхтэй байсныг Москвагийн эрх баригчид хүлээн зөвшөөрөөд байгаа.
Гэхдээ Алиевтай утсаар ярихдаа ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин уг осол Оросын агаарын орон зайд гарсанд “уучлал” гуйсан ч хэн буруутай талаар огт дурдаагүй өнгөрсөн юм.
“Оросын тал Азербайжаны иргэдийн үхэлд буруутай” гэж Алиев хэлснийг Даваа гарагт Азербайжаны ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас гаргасан мэдэгдэлд дурджээ.
Тэрбээр осолдсон онгоцноос амьд үлдсэн нислэгийн багийн гишүүд болон амиа алдсан гишүүдийн ар гэрийнхнийг хүлээж авч уулзахдаа ингэж ярьсан юм байна.
Оросын талын ослын шалтгааныг “нуух оролдлого”, “төөрөгдүүлсэн хувилбарууд” нь “бидний бухимдлын шалтгаан болж байна” гэж Алиев энэ үеэр хэлжээ.
Оросын агаарын тээврийн агентлаг онгоцыг шувуу мөргөсний улмаас осолдсон гэх тайлбарыг урьдчилсан байдлаар өгч байв.
Осолдсон онгоц ОХУ-ын Чеченийн нийслэл Грозный хот руу нисэж байсан юм.
Онгоцыг “газраас буудсаны дараа” л Грозныйд агаарын довтолгооноос хамгаалах түгшүүр зарласныг Алиев өчигдөр хэлжээ.
“Хэрвээ Оросын агаарын орон зайд аюул тулгарсан бол онгоцны ахмадад шууд мэдэгдэх ёстой байсан” гэж тэр хэлсэн байна.
Мөн Алиев яагаад онгоцыг Каспийн тэнгисийн нөгөө эрэгт, хэдэн зуун километрийн зайд оршдог Казахстаны Актау хот руу буулгахаар явуулах болсныг ойлгохгүй байгаагаа илэрхийлжээ.
“Яагаад онгоцыг Актауд буулгахаар чиглэлийг нь өөрчилсөн талаар бидэнд ямар ч мэдээлэл алга” гэж тэр хэлсэн байна.
Оросын тал ослын шалтгааныг тогтоох ажлыг эхлүүлээд байгаа ч одоогоор ямар нэг дүгнэлт гаргаагүй байна. Бас Азербайжаны талын дүгнэлтийн талаар ямар нэг байр суурь илэрхийлэхгүй байгаа.
Embraer 190 загварын онгоцны хар хайрцгийн мэдээллийг уншуулахаар Бразил дахь үйлдвэр рүү нь явуулаад байсан юм.
Тэгвэл хар хайрцгаас уншсан мэдээллийг Бразилаас хүлээж авснаа Казахстаны эрх баригчид өчигдөр мэдэгдсэн байна.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!