Тайландын нэг заан арчлах төвд Испанийн жуулчин эмэгтэй золгүй байдлаар амиа алдсаныг тус улсын цагдаагийн байгууллага өчигдөр мэдээлжээ.
Баасан гарагт 22 настай Бланка Охангурен Гарсиа тус улсын Ко Яао Заан Арчлах Төвд нэг зааныг усанд оруулж байхдаа хошуунд нь цохиулж амиа алдсан юм байна.
Тухайн заан жуулчидтай хэт их харьцсаны улмаас “стресстсэн” тул ийм түрэмгий ааш авир гаргасан байж болзошгүй талаар мэргэжилтнүүд тайлбарласныг Испанийн Кларин сонин мэдээлжээ.
Хохирогч нь Испанийн Наваррагийн Их сургуулийн хууль, олон улсын харилцааны ангийн оюутан байсан бөгөөд Тайваньд оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдаж байхдаа найз залуугийн хамт Тайландад амрахаар ирээд байсан гэнэ.
Испанийн гадаад хэргийн сайд Хосе Мануэл Албарес хохирогчийн ар гэрийнхэнд Бангкок дахь консулын газар нь тусалж байгааг өчигдөр мэдээлжээ.
Усны хувцас өмссөн жуулчдаар зааныг усанд оруулж, угаалгах бол Тайландад түгээмэл байдаг аялал жуулчлалын бүтээгдэхүүн юм.
Тус улсын байгальд 4,000 гаруй зэрлэг заан амьдардгаас гадна ижил тооны заан хүмүүсийн хараа хяналтад байдаг.
Дээрх осол гарсан Ко Яао төв нь “заан арчлах” багц бүтээгдэхүүнийг гадаадын жуулчдад санал болгодог юм байна.
1,900 батаас ($55) 2,900 батын хооронд үнэтэй энэ үйлчилгээнд заанд хоол тэжээл өгөх, хамт усанд орох зэрэг арга хэмжээнүүд багтдаг ажээ.
Гэхдээ амьтны эрхийг хамгаалах байгууллагууд зааныг услах үйлдэл нь тухайн амьтны байгалиас заяасан өөрийгөө арчлах дадлыг эвдэж, стресс бухимдлыг нь нэмэгдүүлдэг тул хориглохыг уриалж байсан юм.
Ази тивд аялал жуулчлалын зориулалтаар ашигладаг 10 заан тутмын зургаа нь “зохисгүй, хүнд нөхцөлд” амьдардгийг World Animal Protection байгууллага өмнө нь мэдээлж байжээ.
“Энэхүү оюун ухаантай, нийгмийн зохион байгуулалттай, сэтгэл хөдлөлийн мэдрэмжтэй амьтан нь хүний олзонд байхдаа маш их зовлон зүдгүүрийг тэсвэрлэдэг юм. Учир нь тэдний байгаль дахь амьдрах орчин, нийгмийн бүтцийг зохиомлоор үүсгэх боломжгүй байдаг” гэж тус байгууллага тайлбарлаад зааныг аялал жуулчлалын зориулалтаар ашиглахаа зогсоохыг уриалж байв.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!