Украины зэвсэгт хүчин ОХУ-ын Курск мужийн нутагт шинэ сөрөг давшилт эхлүүлсэн талаар тус улсын эрх баригчид Ням гарагт мэдээлжээ.
Сүүлийн таван сарын турш Оросын арми энэ бүс нутагт нэвтэрсэн Украины цэргийн хүчийг буцаан хөөж гаргахаар тулалдаж байгаа юм.
Өнгөрсөн оны наймдугаар сарын 6-ны өдөр Украины цэрэг Курск мужийн нутаг дэвсгэрт гэнэт дайран орж, багагүй хэмжээний газрыг хяналтдаа авч байв.
ОХУ-ын батлан хамгаалах яам Украины шинэ давшилтыг няцааснаа мэдээлсэн бол Оросын зарим блогчид нөхцөл байдал хүнд байгааг мэдээлжээ.
Украины ерөнхийлөгч Володимир Зеленскийн ажлын албаны дарга Андрей Ермак өчигдөр Телеграм хуудсандаа Курскээс “сайн мэдээ” ирснийг зарлаад “Оросууд хүртэх ёстойгоо хүртэж байна” гэж бичсэн байна.
Украины Худал Мэдээлэлтэй Тэмцэх Төвийн тэргүүн Андрей Коваленко бас Телеграм хуудсандаа Оросын цэргүүд хэд хэдэн байрлалд цохилт амссаныг мэдээлжээ.
Оросын батлан хамгаалах яам Ням гарагийн өглөө эхэлсэн Украины армийн хоёр чиглэлийн давшилтыг амжилттай няцаасан тухайгаа мэдээлсэн юм.
“Умард бүлэглэлийн их буу, агаарын хүчнүүд Украины армийн давшилтын бүлгийг бут ниргэлээ” гэж уг мэдэгдэлд өгүүлжээ.
Харин Кремлийн явуулж буй дайныг дэмждэг блогчид Украины армийн давшилтын улмаас Оросын цэргийн хүч зарим хэсэгт хориглолтын байрлалд шилжсэн тухай мэдээлсэн юм.
“Дайсны давшилт ширүүн байгаа ч манай анги нэгтгэлүүд байрлалаа баатарлагаар хамгаалан тулалдаж байна” гэж “Оперативные Сводки” блог мэдээлжээ.
Сүүлд өөр нэг нөлөө бүхий блогчин Юрый Подоляк эхэн үедээ алдаа гаргасан Оросын цэргийн ангиуд санаачилгыг аажмаар гартаа авч эхэлсэн тухай мэдээлсэн байна.
Курск мужийн захирагчийн үүрэг гүйцэтгэгч Александр Хинштейн зөвхөн албан ёсны мэдээллийн эх сурвалжид итгэхийг орон нутгийн иргэдэд уриалж, аюултай бүсэд зөвшөөрөлгүй буцаж очихгүй байхыг нүүн шилжсэн иргэдэд анхааруулжээ.
Оросын талд тулалдах Умард Солонгосын 11,000 орчим цэрэг Курск мужид ирсэн тухай Украины болон Өрнөдийн эх сурвалжууд мэдээлж байгаа.
Оросын албаныхан үүнийг няцаадаггүй, бас хүлээн зөвшөөрдөггүй.
Бямба гарагт хийсэн мэдэгдэлдээ Украины ерөнхийлөгч Володимир Зеленский “Өчигдөр болон өнөөдөр Курск мужийн зөвхөн Махновка тосгоны ойролцоо болсон тулаанд Оросын арми Умард Солонгосын явган цэргүүд болон өөрийн десантын цэргүүдээс бүрдсэн нэг батальоныг алдлаа” гэж хэлжээ.
Тэрбээр үүнээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй юм. Нэг батальон нь хэмжээний хувьд янз бүр байдаг ч ерөнхийдөө хэдэн зуун цэргээс бүрддэг нэгж.
Өнгөрсөн оны сүүлээр болсон хэвлэлийн хурлын үеэр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин тус улсын арми Курск мужийн нутаг дэвсгэрээс Украины цэргийг хөөн гаргах нь “тодорхой” гэж хэлсэн ч ямар нэг цаг хугацаа амлахаас зайлсхийсэн юм.
Оросын арми одоогоор Украины газар нутгийн 20 хувьд хяналтаа тогтоосон ч Курск мужид алдсан газар нутаг нь энхийн яриа хэлэлцээ эхлэхэд Киевийн эрх баригчдад “том хөзөр” болох боломжтой байгаа.
Дайтагч талуудын аль аль нь АНУ-ын шинэ ерөнхийлөгч Дональд Трампыг нэгдүгээр сарын 20-нд тангараг өргөхөөс өмнө тулааны талбарт давуу тал олж авахыг хичээж байна.
Трамп энэ дайныг богино хугацаанд дуусгахаа сонгуулийн турш амлаж байсан ч яг ямар арга замаар хэрэгжүүлэхээ тайлбарлаагүй байгаа.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!