Уншиж байна ...

Токиогийн далайн хүнсний захын шинэ оны анхны дуудлага худалдаагаар аварга том туна загас $1.3 саяын үнэ хүрэв

С.Мөнхцэцэг, ikon.mn
Өчигдөр 9 цаг 15 минут
iKon.MN
Зураг зураг

Японы нийслэл Токио хотын далайн хүнсний захын жил бүрийн анхны дуудлага худалдаанд ялах нь нийтийн хоолны бизнес эрхлэгчдийн хувьд нэр төрийн хэрэг байдаг.

Ням гарагт болсон дуудлага худалдааны үеэр Michelin-ий одтой сүши рестораны сүлжээг эзэмшдэг Онодера Групп 276 кг жинтэй хөх сэрвээт туна загасыг 207 сая иенээр ($1.3 сая) худалдан авчээ.

Энэ нь бүртгэл хөтөлж эхэлсэн 1999 оноос хойших Токиогийн дуудлага худалдааны түүхэнд тэмдэглэгдсэн хоёр дахь өндөр үнэ юм байна.

Онодера Групп сүүлийн таван жил дараалан энэхүү дуудлага худалдааны ялагч болж байгаа ажээ.

“Оны анхны туна загас аз авчрахыг бэлгэддэг. Энэ загасыг зооглосон хүмүүсийн хувьд шинэ он гайхалтай сайхан байгаасай гэж бид хүсэж байна” гэж Онодера Группийн төлөөлөгч Шинжи Нагао дуудлага худалдааны дараа сэтгүүлчдэд ярьжээ.

Тус групп өнгөрсөн оны анхны дуудлага худалдаагаар хамгийн том тунаг 114 сая иенээр авсан юм.

2019 онд 278 кг жинтэй туна загасыг 333.6 сая иенээр авсан нь хамгийн өндөр үнэ хүрсэн тохиолдол болдог.

Энэ нь Токиогийн далайн хүнсний зах уламжлалт байрлал болох Цүкижи орчмоос одоогийн Тоёосүд нүүсний дараах анхны дуудлага худалдаа байснаараа онцлог юм.

Тухайн үед үнийн дээд амжилтыг тогтоосон хүн нь өөрийгөө “тунагийн хаан” гэж өргөмжилдөг “Сүши Занмай” сүлжээ рестораны эзэн Киёши Кимүра байжээ.

Цар тахлын он жилүүдэд хүмүүс гадуур хооллох нь багассаны улмаас уламжлалт дуудлага худалдаанд төлдөг үнийн дүн эрс багасаад байсан юм.

 

Эх сурвалж: AFP