Уншиж байна ...

Х.Нямбаатар: Туул гол дагуух хурдны замыг барих үеэр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлахгүй

Д.Янжиндулам, ikon.mn
Өчигдөр 8 цаг 00 минут
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улаанбаатар хотод Туул гол дагуу хурдны замын бүтээн байгуулалтын ажлыг ирэх дөрөвдүгээр сард эхлүүлэхээр болоод байна. Зургаан эгнээ бүхий 32 км урт замыг хоёр жилийн хугацаанд барихаар төлөвлөжээ. Энэ хугацаанд замын хөдөлгөөнийг хаахгүй аж.

Хурдны замыг барих нийт төсөвт өртөг 916.3 тэрбум төгрөг бөгөөд үүнээс 538.6 тэрбумыг 2025 онд зарцуулахаар нийслэлийн төсөвт тусгасан байна.

Энэ талаар Хотын дарга Х.Нямбаатар “Туулын хурдны замын төсөлд зарим өөрчлөлт оруулж, 4 эгнээ байсныг 6 эгнээ болгосон, 13 гаруй км гүүрэн байгууламжтай болж зураг төсөлд өөрчлөлт орж байгаатай холбоотойгоор тендерийн баримт бичгийг боловсруулах ажил хэд хоног хойшилж, энэ сарын 25-нд тендер зарлах төлөвлөгөөтэй байна.

Тендерийн тухай хуулийн дагуу хамгийн бага үнийн саналаар хамгийн сайн тендерийн материал ирүүлсэн оролцогчийг ил тод, нээлттэй байдлаар шалгаруулж, тендерийг зохион байгуулна.

2025 оны дөрөвдүгээр сард бүтээн байгуулалтыг эхлэх ёстой. Бид бүтээн байгуулалтын ажилд ашиглах цемент, төмрийн дотоодын үйлдвэрлэгчтэй уулзалтууд хийсэн.

52-ын даваа орчимд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул хийлгэж, дүгнэлт гарах гэж буйг удахгүй Засгийн газрын хуралдаанаар танилцуулна.

Гүүрэн байгууламжууд хийгдэх учраас инженерийн нарийн хийцлэлтэй баригдана.

Хурдны зам болон гүүрэн байгууламжуудыг барихдаа авто замын хөдөлгөөнийг хязгаарлахгүй” гэв.

Туул голын сав газарт археологийн олдворууд бий учраас олдворуудыг хөндөхгүй байхад ШУА-ийн эрдэмтэн судлаачидтай хамтарч ажиллахаар болжээ.