Төв банкны үндсэн зорилт болох инфляцыг 2024 онд Монголбанкны зорилтот түвшинд хүргэж буурууллаа. Гадаад орчны тодорхой бус байдал, тээвэр логистикийн хүндрэл зэрэг дэлхий нийтийг хамарсан цар тахлаас үүдэлтэй тодорхой бус байдлын суурь шалтгаанууд үргэлжилсэн хэвээр байгаа хэдий ч инфляц 2024 онд дунджаар 6.6 хувьтай байлаа.
Хэдийгээр инфляц зорилтот түвшинд хүрсэн ч цаашид төсвийн зардал, зээл, цалингийн өсөлт, цахилгаан дулааны үнийн өсөлт, хоёр жил дараалсан зудын хүндрэл зэрэг нь инфляцад дарамт учруулж байна. Цаашид мөнгөний бодлого нь эдгээр сорилтыг даван туулж, инфляцын зорилтоо хангахад чиглэнэ.
Гадаад валютын улсын нөөц (ГВУН) 2024 онд 5.3 тэрбум ам.долларт хүрсэн нь түүхэн дээд үзүүлэлт болов.
Гадаад валютын нөөц ийнхүү нэмэгдсэн нь макро бодлого амжилттай хэрэгжиж байгаагийн илрэл болохын зэрэгцээ гадаадын хөрөнгө оруулагчдын Монгол Улсад итгэх итгэл сайжирч, гадаад санхүүжилт нэмэгдэж, экспортын орлого өссөнтэй холбоотой. Валютын нөөцийн энэхүү өсөлт нь дараах гадаад өрийг эргэн төлсний дараах үр дүн гэдгээрээ онцлог юм.
Монголбанк 2024 онд Засгийн газрын гадаад зээл, бондын эргэн төлөлтөд цэвэр дүнгээр 450 сая ам.доллар, Хятадын ардын банктай байгуулсан своп хэлцлийн үлдэгдлээс 4.5 тэрбум юань, нийт дүнгээр 1.1 тэрбум орчим ам.долларын үндсэн болон хүүгийн төлбөрийг төлөөд байна.
Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч Фитч, Эс энд Пи, Мүүдиз агентлагууд Монгол Улсын зээлжих зэрэглэлийг 2024 онд “В+”, “В+”, “В2” болгон тус тус ахиулсан нь сүүлийн 10 жилийн дээд түвшин болов.
Энэ нь Монгол Улсын Засгийн газар болон Монголбанкны бодлогод өгсөн үнэлгээ бөгөөд хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж, эдийн засгийн хүлээлт өөдрөг буйн дохио юм. Зээлжих зэрэглэл дээшлэхэд макро эдийн засаг, гадаад төлбөрийн чадвар сайжирсан, инфляцыг бууруулж, эдийн засгийн өсөлт эрчимжсэн, гадаад өрийн оновчтой удирдлагыг хэрэгжүүлсэн зэрэг нь голлон нөлөөллөө.
Зээлжих зэрэглэл сайжрах нь олон улсын санхүүгийн зах зээлээс илүү таатай нөхцөлөөр санхүүжилт татан төвлөрүүлэх бололцоог нэмэгдүүлэх ач холбогдолтой юм. Тухайлбал, сүүлийн саруудад арилжааны банкууд олон улсын зах зээл дээр 350 сая ам.долларын бондыг өмнөх хэлцлээс бага хүүтэйгээр амжилттай арилжаалаад байна.
Монголбанк Хятадын ардын банктай байгуулсан үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн гэрээний хүрээнд 2011 оноос 2016 оны хооронд ашигласан хэлцлийн дүнг шат дараатайгаар буурууллаа. 2024 оны эцсийн байдлаар 4.5 тэрбум юанийн үндсэн төлбөрийг хүүгийн хамт хугацаанаас нь өмнө эргэн төлснөөр нийт ашиглалтын үлдэгдлийг 6 тэрбум юань болгон бууруулав.
Ингэснээр Төв банкны ашигласан гадаад своп хэлцлийн хэмжээ 2 дахин буурахын зэрэгцээ хүүгийн зардал буурч, гадаад валютын цэвэр нөөцийн хэмжээ нэмэгдлээ. Энэ нь Монгол Улсын гадаад өрийн тогтвортой байдал, урт хугацааны зээлжих зэрэглэл сайжрахад эерэг нөлөө үзүүлээд байна.
Монгол Улсад олон улсын стандарт, шаардлагыг хангасан төлбөр тооцооны технологийг нутагшуулах ажил үргэлжилж, “Apple Pay” үйлчилгээ 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр нэвтэрлээ.
Ингэснээр манай улсад ашиглагдаж буй 150 мянга гаруй ПОС төхөөрөмжид iPhone утсаа ашиглан төлбөр тооцоо хийх боломжтой болов. Тус үйлчилгээг нэвтрүүлснээр олон улсын төлбөр тооцоонд үндэсний төлбөрийн “₮ карт”-ыг хэрэглэх шинэ гарц нээгдээд байна.
Монголбанк, Монголын банкны холбоо, олон улсын санхүүгийн байгууллагууд хамтран “Орчин үеийн төв банк: Сорилт ба хэтийн төлөв” сэдэвт олон улсын дээд түвшний хурлыг Улаанбаатар хотод 2024 оны 7 дугаар сарын 9, 10-ны өдрүүдэд зохион байгуулав.
Хуралд гадаад, дотоодын 62 байгууллагын нийт 180 гаруй хүндэт зочин, судлаач эрдэмтэн, бодлого боловсруулагч нар оролцож дэлхийн болон бүс нутгийн эдийн засаг, санхүүгийн зах зээлийн ирээдүйн төлөв, төв банкуудад тулгарч буй гол сорилт, шийдлийн талаар хэлэлцлээ.
Арабын нэгдсэн эмират улсад 2024 оны 9 дүгээр сард болсон Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн жилийн уулзалтын нээлтийн эхэнд тус бүлгийн тэргүүн хэлсэн үгэндээ "Монгол Улс ФАТФ-ын 40 зөвлөмжийг хангасан 5 дахь улс бөгөөд Ази, Номхон далайн бүсийн хэмжээнд 2 дахь улс болж, виртуал хөрөнгөтэй холбоотой хийсэн ажлын туршлагаа олон улсад хуваалцаж, Дахин үнэлгээний тайланг жил бүр ирүүлж, амжилттай хамгаалан, үнэлгээнүүдээ ахиулж чадсаныг онцлов.
Түүнчлэн, цар тахлын хүнд цаг үед түүхэнд байгаагүй богино хугацаа буюу 6 сарын дотор үүрэг даалгаврыг биелүүлж, цаг хугацааг зөв ашиглаж, амжилттай ажилласан хэмээн Монгол Улсын мөнгө угаахтай тэмцэх чиглэлээр хийж буй ажлыг сайшаав.
Олон улсын Global Finance сэтгүүл “Central Banker Report Cards 2024” тайландаа Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг “А-“ зэрэглэлийн үнэлгээ өгөв. Энэ нь Европын төв банкны Ерөнхийлөгч Кристин Лагард, АНУ-ын Холбооны нөөцийн сангийн тэргүүн Жером Повелл зэрэг төв банкны тэргүүнүүдтэй ижил үнэлгээ юм.
Тус тайланг Global Finance сэтгүүлээс 1994 оноос хойш нийтэлж буй бөгөөд АНУ, Европын холбоо, Их Британи зэрэг 100 орчим улс орнуудын төв банк, тэдгээрийн тэргүүнүүдийн бодлогын шийдвэрийн үр дүнтэй байдлыг үнэлж, жил бүр олон нийтэд тайлагнасаар иржээ.
Тус үнэлгээгээр мөнгөний бодлогын хэрэгжилт, инфляцын зорилтын хангалт, эдийн засгийн өсөлт, валютын тогтвортой байдал зэргийг голлох үзүүлэлт болгодог байна.
Монголбанк нь Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын дэргэдэх “Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн түншлэлийн дэмжлэгтэйгээр “Readiness support for Greening the Bank of Mongolia” төслийг энэ оноос хэрэгжүүлж эхлээд байна.
Уг төслийн хүрээнд банкны салбарын уур амьсгалын стресс тестийг туршилтаар системийн ач холбогдол бүхий банкнуудын тоон мэдээлэлд үндэслэн анх удаа гүйцэтгэх ажлыг эхлүүлсний зэрэгцээ уур амьсгалын ил тод тайлагналтын удирдамжийг банкуудад зориулан боловсрууллаа.
Түүнчлэн, санхүүгийн хүртээмжийн үзүүлэлтүүдийг жендерийн тэгш байдал, ногоон санхүүжилтээр ангилж, статистик мэдээллийг баяжуулаад байна. Монголбанк 2024 оноос сум, дүүрэг, тосгоны түвшинд бичил, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдийн зээл, харилцах, хадгаламж болон банкны салбарын ногоон зээлийн мэдээллийг анх удаа хүйсээр ангилан боловсруулж олон нийтэд танилцуулснаас гадна ногоон зээлийн тайлан болон эдийн засгийн салбарын ангиллаар гаргасан зээлийн тайланг нийт санхүүгийн салбарын түвшинд гаргав.
Банкны салбараас олгосон ногоон зээлийн үлдэгдэл 2024 оны 3-р улирлын байдлаар 1.2 их наяд төгрөгт хүрч, нийт зээлд эзлэх хэмжээ 3.4 хувь болж, өмнөх оны мөн үеэс 92.6 хувиар өсөөд байна. Цаашид энэ өсөлтийг тогтвортой хадгалж 2030 он гэхэд 10 хувьд хүргэх зорилго тавиад буй.
Банкны систем үүсэж бэхэжсэний 100 жилийн хүрээнд Монголбанк энэ онд “Тэрбум мод” сан болон бусад байгууллагуудтай хамтран Улаанбаатар хот болон 21 аймагт 3 сая гаруй мод тарьж, тарьсны дараах арчлан хамгаалах, ургуулах чиглэлээр мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна.
Монголбанк санхүүгийн зах зээл, банкны салбарын тогтвортой байдлыг хангах замаар үндэсний эдийн засгийн тэнцвэртэй хөгжлийг дэмжих хуулиар ногдсон зорилтоо хангаж ажиллаж байна.
2024 оны 11 дүгээр сарын байдлаар банкны салбарын актив хөрөнгө өмнөх оны мөн үеэс 5,598.1 тэрбум төгрөг буюу 9.7 хувиар, зээлийн багц 8,428.9 тэрбум төгрөг буюу 31 хувиар, өөрийн хөрөнгийн хэмжээ 992.1 тэрбум төгрөг буюу 17 хувиар өсөөд байна. Харин чанаргүй зээлийн хувь хэмжээ 5.1 хувь байгаа нь 2014 оноос хойших хамгийн бага үзүүлэлт болов.
Ийнхүү банкны системийн санхүүгийн үзүүлэлтүүд сайжирч, зээлийн эрсдэл буурсан нь цаашид банкны салбарын тогтвортой байдлыг хангахад эергээр нөлөөлж, эдийн засгийн өсөлтийг дэмжих суурь нөхцөлийг бүрдүүлнэ.