Дуу хоолойн туслагч Siri бүтээгдэхүүн хувийн яриаг нь чагнадаг талаар АНУ-ын хэсэг iPhone хэрэглэгчид шүүхэд гомдол гаргаад байсан юм.
Тэгвэл Apple компани уг гомдлыг гаргасан хэрэглэгчдийн хохирлыг $95 саяар барагдуулахаар тохиролцсоныг Калифорни мужийн холбооны шүүх энэ долоо хоногт мэдээлжээ.
Урьдчилсан байдлаар гарсан энэ тохиролцоог одоо холбооны шүүгч Жэффри Уайт эцэслэн батлах юм байна.
Siri дуу хоолойн туслагч нь “Hey, Siri” зэрэг түлхүүр үг хэлснээр идэвхэждэг.
Гэхдээ ийм түлхүүр үгсийг шалгах явцдаа хэрэглэгчийн хувийн яриаг бичиж, үүнийгээ зар сурталчилгаа түгээгч гуравдагч этгээдүүдэд дамжуулдаг гэсэн гомдлыг хэрэглэгчид гаргаж байжээ.
Тухайлбал хоёр нэхэмжлэгч Air Jordan пүүз, Olive Garden рестораны талаар ярьсны дараа iPhone дээр нь тэдгээрийн сурталчилгаа гарч эхэлснийг мэдүүлсэн байна.
Бас нэг нэхэмжлэгч зөвхөн эмчтэйгээ нэгэн эмчилгээтэй холбоотой брэндийн талаар ярилцсаны дараа сурталчилгаа гарч эхэлснийг мэдүүлжээ.
Гомдол гаргасан хүмүүсийн тоо олон байгаа тул тохиролцсон мөнгөнөөс iPhone, Apple Watch зэрэг төхөөрөмж бүрд $20 орчим хуваарилагдахаар байгаа гэнэ.
Apple компани хэдийгээр хохирлыг барагдуулахаар тохиролцсон ч өөрийгөө буруутайг хүлээгээгүй байна.
Siri бүтээгдэхүүн 2014 оны есдүгээр сарын 17-ноос эхлэн хэрэглэгчийн хэлсэн түлхүүр үгээр идэвхэждэг болсон юм.
Түлхүүр үг заримдаа буруу танигддаг тул ихэнх нь хэрэг бололгүй устгагддаг гэж Apple өмнө нь энэ талаар тайлбарлаж байжээ. Бас ийм хүсэлтүүд хэрэглэгчийн Apple ID бүртгэлтэй холбогддоггүй тул хувийн мэдээлэл алдагдах эрсдэлгүй гэж тайлбарласан байна.
$95 сая бол сүүлийн нэг жилийн хугацаанд $93.74 тэрбумын орлоготой ажилласан Apple компанийн хувьд ердөө есөн цагийн дотор олох орлого юм.
Apple-ийн өрсөлдөгч Google компанийн Voice Assistant үйлчилгээтэй холбоотой ижил гомдол одоо Калифорнийн Сан Жосе хотын холбооны шүүх дээр шийдвэрээ хүлээж байгаа юм байна.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!