Уншиж байна ...

Сөүл хотын гудамж талбайд тагтаанд хоол тэжээл өгвөл торгодог болно

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 1 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Гуравдугаар сарын 1-нээс эхлэн Сөүл хотын захиргаа тус хотын цэцэрлэгт хүрээлэнгүүд, Хан мөрний эрэг дагуу газарт тагтаа болон бусад зэрлэг амьтдад хоол тэжээл өгсөн хүмүүсийг нэг сая воноор ($682) торгох шийдвэр гаргажээ.

Торгуульд хамаарах амьтдын жагсаалтад тагтаа, бор шувуу, шаазгай, хэрээ, зэрлэг гахай зэрэг амьтад орсон байна.

Эдгээр амьтдын тоо толгой хэт олширч, газар тариалангийн аж ахуйд хор хохирол учруулдаг гэсэн үндэслэлээр арванхоёрдугаар сарын 26-ны өдөр Сөүл хотын захиргаа ийм шийдвэр гаргажээ.

Зөвхөн тагтаатай холбоотой иргэдийн гомдол 2020 онд 667, 2021 онд 1,177, 2022 онд 1,325, 2023 онд 1,432 болон өссөн байна.

Голдуу явган зорчигчдын хөдөлгөөнд саад учруулж, аюулгүй байдалд нөлөөлдөг, унасан өд, үхсэн тагтааны сэг зэм эрүүл ахуйн шаардлагад нийцэхгүй байгаа талаар гомдлууд ирж байжээ.

Сөүл хот нийтийн эзэмшлийн гудамж талбайнуудыг “зэрлэг амьтан хооллохыг хориглосон бүс” болгон зарлаж, хяналт тавихаар болсон байна.

Шинэ журам нэгдүгээр сарын 24-нөөс хэрэгжиж эхлэх ба торгох заалт нь гуравдугаар сарын 1-нээс үйлчлэх ажээ.

 

Эх сурвалж: Yonhap News